02 August 2018

Эхийн сүү - Эрүүл амьдралын эхлэл

Ээж Б.Золзаяа хүү Очирын хамт. Хөвсгөл аймгийн Мөрөн сум. ©UNICEF/UN0188805
Очир хүү 2018 оны 2-р сарын 26-ны өдөр 3,8 кг жинтэй эрүүл саруул мэндлэв. Хүүгийн ээж, аав хоёр хоёулаа 18 настай залуу хос. Мөрөн хотод амьдардаг энэ залуухан гэр бүл анхны хүүхдээ өлгийдөн авсан нь энэ. 

Очир хүүгийн ээж Б.Золзаяа ярихдаа түүний даралт ихсэж, хөл гар нь их хавагнадаг байсан тул гэр бүлийнхэн нь эмнэлэгт үзүүлэхийг зөвлөсөн гэжээ. Тэрээр төрөхийн элдэв хүндрэлээс сэргийлэх үүднээс эмчийн хяналтад эрт орсон гэнэ. 

“Хүүхдээ төрүүлснийхээ дараа байн байн хүүгээ үнсмээр санагдаад би их аз жаргалтай байгаа. Түүнийг зүгээр л хараад баймаар, тэврэхээр халуун дулаан мэдрэмж төрдөг. Би Баасан гариг болгон эхчүүдэд зориулсан сургалтад суудаг байсан. Тэр сургалтаас би хэрхэн төрөлтөд бэлтгэх, төрсний дараа хүүхдээ хэрхэн асрах талаар мэдлэгтэй болсон. Миний хамгийн дуртай хичээл бол хүүхдээ яаж зөв тэврэн, хөхүүлэх тухай байсан. Хичээл дээр ангир уургийн талаар орсон болохоор, би төрөнгүүтээ хүүхдээ амлуулсан. Төрөлтийн шок өнгөрөөд, цээжин дээр хүүг минь тавихад хичээл дээр сурсан зүйлсээ нэг нэгээр нь санаж эхэлсэн. Анх хөхүүлэхэд эвгүй мэдрэмж төрсөн л дөө, гэхдээ одоо гайгүй дассан.  Нярай хүүхдийг байнга дулаан байлгах ёстой гэдгийг би хичээлээс мэдэж авсан. Эхлээд хөлийг нь даавуугаар хучиж, малгайг нь өмсгөөд дараа нь өлгийдөх хэрэгтэй. Надад шар өнгийн өлгий бий. Миний хамгийн дуртай өлгий”.

2014 оны байдлаар улсын хэмжээнд нярайн эндэгдэл 1000 төрөлт тутамд 10,2% байсан бол 2017 оны байдлаар 8,7% болон буурсан дүнтэй байна. Харин Хөвсгөл аймгийн хувьд нярайн эндэгдэл 2014 онд 1000 амьд төрөлт тутамд  15,4% байснааc, 2017 онд 13% болж буурсан байна. Ийнхүү ахиц гарсан хэдий ч, хоол тэжээлийн дутал, эрүүл мэндийн үйлчилгээний хүрэлцээ дутмаг, төрөөс боловсролын материал, мэргэжлийн сургалт, зайлшгүй хэрэгцээт маск, нярайн малгай, тэжээл зэрэгт хангалттай төсвийн дэмжлэг үзүүлдэггүй тул хүүхдийн эрүүл мэнд, амь нас эрсдэлд орсон хэвээр байна. 

 Очир хүү. Хөвсгөл аймгийн Мөрөн сум. ©UNICEF/UN0188803
Төрөлт бол байгалийн жамаар явагддаг үйл явц. Олон жилийн судалгааны үр дүнд нярайн амьдрах чадварыг дэмжих үндсэн дөрвөн аргыг тодорхойлсон байна. Эхлээд нярайг төрсөн даруй сувилагч нь алчуурт өлгийдөн, хүүхдийг арчиж, хатаана.

Хэрэв хаттал нь сайтар арчихгүй  бол хүүхэд биеийн дулаанаа алдах магадлалтай. Хатаах, арчих хөдөлгөөн нь мөн хүүхдийн амьсгалж эхлэх явцыг дэмжиж өгдөг. 

Хоёрт, эх нь хүүхдээ биедээ наан тэврэх нь хүүхдийг дулаан байлгахад нэн чухал. Мөн энэ үед, өсөлтийг дэмждэг бактерийг дамжуулдаг давуу талтай. 

Гуравт, зөвхөн хүйн судасны лугшилт зогссоны дараа хүйг хавчиж, хайчлах ёстой. 

Дөрөвт, хүүхдийг төрсөн даруй төрөх өрөөнд байхад нь амлуулж, эхийн сүүгээр хооллоно. 

Ээж Б.Золзаяа хүү Очирын хамт. Хөвсгөл аймгийн Мөрөн сум. ©UNICEF/UN0188805
Дөнгөж төрсөн хүүхдийн биеийн дулаан 37,5 градус буюу насанд хүрсэнд хүнийхээс өндөр байдаг. Ингэж биеийн дулаан өндөр байх нь төрөлтийн дараа хүүхдийн эрүүл байх нөхцөлийг хангадаг. Өвөл Монголд агаарын хэм -30 градус хүртэл буурч, зарим төрөх газрын доторх хэм дөнгөж +11 хэм хүрэх тохиолдол бий. 2010 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Засгийн газраас төрөх өрөөнүүдийг Цельсийн 25 градусын дулаантай болгож, нярай хүүхдүүдийг дааруулахгүй байлгахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс төрөх эмнэлгүүдэд дулаан хэмжигч суурилуулсан байдаг. Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангаас нярайн халдаг гудас нийлүүлсэн.  

Төмрийн дутал, цус багадалтаас сэргийлэх үүднээс эхчүүдэд нэмэлт эм, бэлдмэл уухыг зөвлөдөг. Цус багадалттай эмэгтэй жирэмсний үедээ маш их ядардаг ба төрөх үед цус алдаж, бүр амиа алдах эрсдэлд ордог. Цус багадалттай эмэгтэйгээс төрсөн хүүхэд сульдаатай, бүр цаашилбал хүүхдийн сурлагын амжилтад ч муугаар нөлөөлөх магадлалтай.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь 2014 оноос эхлэн  эхчүүдэд зориулсан  сургалт явуулж байна. Үүнд төрөхийн өмнөх бэлтгэл болон төрсний дараах асаргаа гэсэн хоёр төрлийн сургалт явуулж байна. Төрөхийн өмнөх сургалтаар хүүхдийг хэрхэн эхийн сүүгээр хооллох талаар онцгойлон заадаг.  Мөн эхчүүдэд ангир уураг буюу төрснөөс хойш хоёр хоногийн дотор ялгардаг хөхний сүүний ач тусын талаар зааж сургадаг. Ангир уураг нь хэдийгээр маш бага хэмжээгээр буюу дусал дуслаар ялгардаг ч, хүүхдэд нэн шаардлагатай амин дэм агуулдаг юм. Дөнгөж төрсөн эх мэдээлэлгүйн улмаас эхэн үедээ сүү бага ялгардгийг сайн мэдэхгүй, хүүхдээ эхийн сүү орлуулагчаар хооллох хандлага ажиглагддаг. 

Очир хүү. Хөвсгөл аймгийн Мөрөн сум. ©UNICEF/UN0188806
Мөн сургалтын үед нярайн шарлалтын шинж тэмдэг, нярайг хэрхэн усанд оруулах, арьс хүйг нь арчлах талаар мэдлэг олгодог. Түүнчлэн жирэмсний үеийн зөв хооллолт, гэрийн нөхцөлд хэрхэн нярайг асрах тухай сургалтын хөтөлбөрт багтсан. Монголын нөхцөлд мах  махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүнийг хүнсэндээ ихэвчлэн хэрэглэдэг бол, сургалтад хамрагдсан ээжүүд шинэ ногоо жимсийг хүнсэндээ хэрэглэснээр  эрүүл мэндэд ямар ач тустай болохыг мэдэж авдаг. Мөн тус сургалтын үеэр  амин дэм, шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрхэн бэлтгэх талаар заадаг. 

НҮБ-ын Хүүхдийн Сан нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран эрт нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр 2014 оноос хойш ажиллаж ирсэн. Тус сангаас эрүүл мэндийн эмч, мэргэжилтнүүдийг Нярайн Эрт Үеийн Нэн Шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх сургалтад хамруулж, хэрэгжүүлсэн нь нярайн эндэгдэл буурахад  мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн. Эрчимт эмчилгээ шаардлагатай нярайн тоо 2015 оны байдлаар 2000 төрөлт тутамд  230 байсан бол 2017 онд 139 болон буурсан байна. 

2007 онд Монгол Улсын Засгийн газраас  эрсдэлт бүлэгт хамаарах малчин эмэгтэйчүүдийг аймгийн эрүүл мэндийн төвүүдэд шилжүүлж,  хяналтад оруулж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан байна. Энэ арга хэмжээний үр дүнд нярайн эндэгдэл мэдэгдэхүйц хэмжээнд буурчээ. НҮБ-ын Хүүхдийн Сангаас амаржих газруудыг  тавилга, гал тогооны тоног төхөөрөмж болон нярайн асаргаанд шаардлагатай зүйлсээр хангасан байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас эх, хүүхдийн эрүүл мэнд, асаргаанд зарцуулах сан байгуулах хуулийн төсөл дээр  Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар нэн шаардлагатай эрүүл мэндийн асаргаа, эмчилгээний тусгайлсан төсөв байдаггүй юм байна. 

1 comment:

  1. Blogs are the best, most useful way to save.
    I can share ideas of the future because this is exactly what I am looking for,
    wordpress
    blogspot
    youtube
    បាការ៉ាត់

    ReplyDelete