12 May 2015

Сайн аав, ээж болоход нь туслахуй

Том бор нүдтэй Ганбат хүү 
© НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНМонгол/2015/Зетти Брейк 

Гялалзсан том бор нүдтэй, 2 настай энэ бяцхан хүүгийн нэр Ганбат. Ээж Энхцэцэгийнх нь хэлсэнээр Ганбат хүү 5 настай эгчдээ их хайртай, байнга л эгчийгээ дагаж, хийсэн болгоныг нь дуурайдаг гэнэ. “Хүү маань их зүйл ярьж чадахгүй ч ээжээ, бас би чамд хайртай гэдгийг маш сайн хэлдэг” хэмээн ээж нь ярьлаа. Эдний гэр бүл Налайх дүүрэгт нэгэн жижиг нийтийн байранд 6 ам бүлээрээ амьдардаг. Ганбатын аав Батмягмар (46 настай), эгч Ганчимэг (21 настай), ах Ганболд (14 настай), эгч Ганцэцэг (5 настай) нар хамтдаа энэ байрандаа амьдардаг. Өрхийн тэргүүн Батмягмар саяхан ажлаасаа гарсан, эхнэр Энхцэцэг нь Ганбат хүүгээ цэцэрлэгт орох хүртэл гэртээ харахаар төлөвлөж буй тул тэдний гэр бүл нийгмийн халамжийн мөнгөөр амьдарч байна.

2013 онд дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн газраас хамтран зохион байгуулсан Эцэг эхийн сургалтад Энхцэцэг оролцжээ. Энэ сургалтын тухай нэг найзаасаа сонсоод очиж оролцсон гэнэ. “Би ээж болоод 19 жил өнгөрсөн хэдий ч сургалтын явцад маш их шинэ зүйл сурсан. Ялангуяа илүү сайн ээж байхын тулд уг мэдлэгээ ашиглан зан үйлээ өөрчилж байна” хэмээн Энхцэцэг ярилаа.

Энхцэцэг сургалтанд суусны ачаар гэр бүлд нь эерөг өөрчлөлтүүд гарч байгааг онцолсон юм. Ялангуяа, гэр бүлийн хүнс, хоол тэжээл нь зохистой, гэр бүлийн доторх харилцаа сайхан болж, аливаа осол, гэмтлээс хүүхдээ хамгаалах талаар сурч байгаагаа тайлбарласан юм. “Нөхөртэйгөө ярьж байгаа зүйл маань хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг урд өмнө огт бодож байгаагүй юм байналээ. Харин одоо би хүүхэд, гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн эерэг, зөв харилцахаа мэддэг болсон. Манай хүү Ганбат дээр маш сайн үр дүн гарч байгаа нь мэдэгдэж байгаа.  Сургалтад суухаас өмнө хүү маань тураалтай байсан. Бид үүнд их санаа зовдог байсан. Бусад айлын хүүхдүүд хурдан өсч хөдөлгөөнд орж байхад харин Ганбат чадахгүй байсан. Харин сургалтаар илчлэг сайтай хоол хүнсийг гэрийн нөхцөлд хэрхэн хийх талаар суралцсан” хэмээн Энхцэцэг бидэнд өгүүлэв. Энхцэцэг одоо болтол Ганбатыг хөхүүлж байгаа бөгөөд түүний өөрийнх нь идэж буй хоол хүнсний илчлэг ч хүүд нь чухал болохыг мэдсэн байна.

Энхцэцэгийн оролцсон сургалтын дараа тухайн хорооны нийгмийн ажилтан нь эцэг эхчүүдийн бүлгийг зохион байгуулжээ. Уг бүлгийн ажлын үед эцэг, эхчүүд өөрсдийнхөө туршлагаас хуваалцаж харилцан бие биендээ зааж өгдөг байна. “Эцэг эхчүүд хамтдаа байна гэдэг чухал. Учир нь ихэнх гэр бүлд ижил төстэй бэрхшээл тулгардаг юм байналээ. Тиймээс тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцаж, бусдаас суралцах нь ач холбогдолтой байдаг” хэмээн Энхцэцэг хуваалцав.

Сургалтад хандах хандлагыг өөрчлөх нь

Ганбат хүү ээж Энхцэцэгийн хамт
© НҮБХСМонгол/2015/Зетти Брейк 

Энхцэцэгийн оролцсон сургалт бол 0-6 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн сэдэвтэй байсан. Налайх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажилтан Нармандах сургалтын хөтөлбөрийг хариуцдаг бөгөөд дүүргийн Эрүүл мэндийн газартай хамтран 7 удаагийн сургалт зохион байгуулж, нийт 250 эцэг эх хамруулжээ. Сургалтаар хүүхдийн хөгжлийн талаар цогц мэдлэг олгож, хүүхдийн эрүүл мэнд,  өсөн хөгжих боломжуудын талаар заадаг байна. Нармандахын ярьж байгаагаар эцэг эх, хүүхдүүдэд хоёуланд нь бодит өөрчлөлт гарч буй учраас сургалтад оролцох сонирхол ч их байдаг гэнэ. Сургалтад оролцсоноор эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдтэйгээ илүү сайн ажилладаг болсон. Тухайлбал, хүүхдээ уйлахад нь яах талаар сурч авдаг гэнэ. Урд нь тэд хүүхдээ уйлах үед уйлж болохгүй хэмээн хэлдэг байсан. Харин одоо бол ямар нэгэн шалтгааны улмаас хүүхэд уйлдаг болохыг мэддэг болсон тул тухайн асуудлыг нь ойлгож, шийдвэрлэхийг хичээдэг болсон хэмээн Нармандах мэргэжилтэн тайлбарлалаа.

Мөн Нармандах 5 настай хүүгийн ээж сургалтад оролцоод гэр бүлээ хэрхэн өөрчилсөн тухай нэгэн гэр бүлийн жишээг бидэнтэй хуваалцсан юм. “Сургалт болохоос өмнө түүний хүү ямар нэгэн юм нэхэж шаардахад хүүгээ уйлуулахгүй хэмээн тэр зүйлийг нь авч өгдөг байсан. Харин сургалтад оролцсоноор хүүхэд нь “тийм” ба ”үгүй” гэхийн ялгааг мэдэх болж, хүүхдэдтэйгээ илүү сайнаар харилцах болсон. Тэр хүү дараа жил сургуульд орох бөгөөд аливаа юмсын хэмжээ, хязгаар, хил заагийг сайн мэддэг болсон гэнэ.

Хүүхдэд ээлтэй орон нутаг

Ганбат хүү ээж болон ах Ганболд, эгч Ганцэцэг нарын хамт
© НҮБХСМонгол/2015/Зетти Брейк 

НҮБ-ын Хүүхдийн сангийн Орон нутгийн хөгжил хариуцсан мэргэжилтэн У.Мандал ярихдаа “Сайн эцэг эх байхын тулд хүүхдээ аливаа өвчин тусах, осол гэмтэлд өртөх зэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийнхээ авьяас чадварыг бүрэн хөгжүүлэх, хүүхдээ хэрхэн сайн асарч хамгаалах мэдлэг чадварыг эзэмших нь чухал. Чухам энэ мэдлэг чадварыг эцэг эхийн сургалт олгож, үр дүнд нь хүүхдүүдийн ахуй амьдралд эерэг нөлөө үзүүлж байна” гэв.

НҮБ-ын Хүүхдийн сан хүүхэд хөгжлийн цогц хандлагад тулгуурласан сургалтын хөтөлбөрийг боловсруулж байна. Төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийг цуглуулж эцэг эхчүүдэд шаардлагатай өргөн хүрээний сэдвүүд бүхий сургалтын хөтөлбөр боловсруулахыг зорьж байна. Урьд өмнө сургалтанд зөвхөн хүүхэд хөгжлийн асуудлыг анхаардаг байсан бол одоо асуудалд цогцоор хандах болсон нь Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв зэрэг олон хамтрагч байгууллагуудаас эерэг үнэлгээ авч байна. Энэ төрлийн сургалтууд нь орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийг хамгаалах, хөхүүлэн дэмжих том стратегийн нэг хэсэг юм. Хүүхдийн эдлэх ёстой эрхийг дэмжих, хүүхдэд шаардлагатай анхаарал халамж үзүүлэх талаар олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа ч явагдаж байна. Энэ бол бүх бодлого, хууль тогтоомж, төсвийг хүүхдийн эрхэд суурилан төлөвлөдөг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хэмээх НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн нэг хэсэг юм.

Налайх дүүргийн удирдлагууд энэхүү ажлыг дэмжин сургалтын байр, хүний нөөц зэргээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Гэхдээ хамгийн чухал нь тэд өөрийн орон нутагтаа хүүхдийн эрхийг хангаж хамгаалах, хүүхдийн аж байдлыг сайжруулахын тулд шаардлагатай арга хэмжээг авч, хүчин чармайлт гаргаж буй нь хүүхдэд ээлтэй орон нутаг болоход нь ихээхэн хувь нэмэр оруулж байгаа юм. Ирээдүйд Монголын бусад орон нутаг, засаг захиргааны нэгжүүд Налайх дүүргийн энэ сайн туршлагыг нэвтрүүлэх боломж бүрдэж байна гэсэн үг.

“Бид дахин сургалтанд хамрагдаж илүү их зүйлийг сурч мэдмээр байна. Манай Налайхын олон айл өрх энэ сургалтын үр шимийг хүртэж байгаа бөгөөд бид бүгдээрээ хэрхэн сайн эцэг эх байхад суралцлаа” хэмээн Энхцэцэг ярьсан юм.

Зохиогч


Зетти Брейк, Монгол Улс дахь НҮБ-ын хүүхдийн сангийн Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн   

No comments:

Post a Comment