21 July 2016

Хүүхэд бүрийг зохистой хоол тэжээлээр хангах нь


2 настай Азат хүү ээжийнхээ хийж өгсөн бантанг идэж байна.
©НҮБХС Монгол Улс/2016/A.Энхзул
     Хоолны сайхан үнэр гэрээр нэг дүүрэн үнэртэнэ. "Өнөөдөр би бантан хийсэн. Бантангаа жаахан хөрөхөөр нь илүү тэжээллэг болгохын тулд хүнсний нэмэлт найрлагат бэлдмэл нэмж хийдэг” хэмээн 27 настай Жулдиз бүсгүй ярилаа. Гурван хүүхэддээ үдийн хоолыг нь хийж өгөхөд хүүхдүүд бие биенээсээ уралдан хурдан гэгч нь иднэ. “Хүүхдүүд маань хоол унданд сайн байвал би баяртай байдаг. Хоолонд сайн байна гэдэг чинь эрүүл саруул өсөж байгаагийн шинж шүү дээ” гээд Жулдиз инээмсэглэн өгүүлэв.


Жулдиз бүсгүй нөхөр Хунболат, бага насны гурван хүүхдийн хамт Налайх дүүрэгт амьдардаг залуу ээж юм. Тэр хүүхдүүдээ асран гэртээ суудаг ээж. Нөхөр Хунболат нь уурхайчин байсан боловч бол нэг жилийн өмнө осолд орж, уурхайд ажиллахаа больжээ. Гэхдээ Хунболат барилгын ажил хийж, олсон орлогоороо гэрээ бүлээ тэжээдэг.


Жулдиз бүсгүй 3 хүүгийн хамт, Турар 6 настай, Aзамат 4 настай, Aзат 2 настай.
©НҮБХС Монгол Улс/2016/А.Энхзул


Жулдиз ууган хүү Турарыг өсгөж байхдаа хүүхдийн хоол тэжээлийн талаар маш бага мэдлэгтэй байжээ. "Хүүгээ дөнгөж 3 сартай байхад нь бор хоол өгч эхэлсэн. Би тухайн үед хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд их сайн гэдгийг огт мэддэггүй байлаа” хэмээн Жулдиз тайлбарлалаа. Дараа нь тэр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвөөс хэрэгжүүлж буй Нярай, бага насны хүүхдийн хоол тэжээлийн хөтөлбөрийн хүрээнд хоол хүнсний талаар зөвлөгөө авсан байна. Мөн түүний хүүхдүүдэд бичил тэжээлийн нэмэгдэл өгсөн байна.
 
“Тухайн үед олж авсан хоол тэжээлийн тухай мэдээлэл нь үнэхээр манай хүүхдүүдийн эрүүл чийрэг өсөж торниход их тус болсон. Миний том хүү Турар дүү нараасаа илүү туранхай байсан. Тэгсэн бүр багаас нь хөхнөөс гаргаснаас болсон юм билээ. Харин эмчээс зөвлөгөө авсны дараа хүүхдийн дархлааг сайн хөгжүүлэхийн тулд эхний зургаан сарын турш зөвхөн эхийн сүүгээр хооллож байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Ингээд би дараагийн хоёр хүүхдээ эмчийнхээ хэлснээр зөвхөн сүүгээрээ хооллосон. Одоо тэд  маань эрүүл байна. Хүүхдүүд маань ханиад, томуу бараг тусдаггүй" хэмээн Жулдиз тайлбарлав.

Жулдиз эмчийн өгсөн зөвөлгөөнөөс энгийн найрлагатай болон нэмэлт тэжээлийн найрлага бүхий тэжээллэг хоол хүнс бэлдэх тухай суралцжээ. "Би зөвхөн мах, гурилыг холиод бантан хийж байсан. Одоо харин өндөг, лууван гэх мэт энгийн зүйлсийг нэмж, хоолыг илүү их тэжээллэг болгож чадна. Хэрвээ өндөг, лууван байхгүй ч байсан амин дэм, эрдэс бодисоор дүүрэн бичил нэмэлт тэжээл ашиглан хоол хийж болно” хэмээн өгүүллээ.

Хоол тэжээлийн талаар эцэг эхийн мэдлэгийг дээшлүүлэх нь
Жулдиз орон нутгийн Өрхийн эрүүл мэндийн төвөөс хоол тэжээлийн зөвлөгөө авсан олон эцэг эхийн нэг юм. "Ачлалт Налайх" Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч Даваасүрэн тус өрхийн эмнэлгийн хоол тэжээлийн хөтөлбөр нь тэдний хамгийн амжилттай хэрэгжиж байгаа ажлуудын нэг болсон тухай ярив.

"Өнгөрсөн жил хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, түүний дотор хүүхдийн хоол тэжээлд анхаарлаа төвлөрүүлж ажилласны ачаар манай хорооны хүүхдийн өвчлөл, мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх байдал  50 орчим хувиар буурсан. Бид 0-5 насны хүүхдүүдтэй эцэг эхийн 80 гаруй хувьд нь хоол тэжээлийн талаар зөвлөгөө өгсөн. Үүний үр дүнд эцэг эхчүүд сайн хоол тэжээл нь хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдгийг сайн ойлгож байна” хэмээн дурдлаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс эрүүл мэндийн төвийн ажилтнуудын хүүхдийн хоол тэжээлийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах цуврал сургалтыг зохион байгуулах замаар эдгээр эрүүл мэндийн төвийг дэмжин ажиллаж байна. Сургалтын дараагаар, эх, хүүхдийн хоол тэжээлийн талаар зөвлөгөө өгөх нь Налайх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг үндсэн хэсэг нь болжээ.

Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сан хэд хэдэн эрүүл мэндийн төвд Хоол тэжээлийн зөвлөгөө өгөх танхимтай болоход дэмжлэг үзүүлжээ. Эдгээр танхимд эцэг эхчүүд хоол тэжээлийн талаар зөвлөгөө авах, мөн бага насны хүүхдэд зориулсан бичил тэжээлийн баяжуулсан хоол хүнсийг хэрхэн бэлтгэж, хоол хийх тухай сурах боломжтой. НҮБ-ын Хүүхдийн сан гал тогооны тоног төхөөрөмж болон хоол хийх материалаар хангаж өгсөн байна. “Эцэг эхчүүд сургалтын дараа маш баяртай, урам зоригтой болсон байдаг бөгөөд бусдыгаа илүү сайн сурахад нь тусалж практик сайн хийдэг” хэмээн эмч Даваасүрэн тайлбарлалаа.

Жулдиз (саарал цамцтай) залуу эхчүүд хоорондоо мэдлэгээ хуваалцах замаар
бие биедээ тусалж чадна гэж үздэг. Тэрээр өрхийн эмнэлэг дээр хоол тэжээлийн
зөвлөгөө өгөхөд нь тусалдаг сайн дурын эхчүүдийн нэг юм.
©НҮБХС Монгол Улс/2016/А.Энхзул

Орон нутгаас эхлэн үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх нь
Хоол тэжээл сайн авсан хүүхдүүд эрүүл өсч торнин, өвчин эмгэг тусахгүй байж, хүссэн ажлаа үр бүтээлтэй хийх, нийгэмдээ хувь нэмэр оруулах, мөн илүү сайн сурах чадвартай байдаг.

"Монгол Улс хүүхдийн хоол тэжээлийг сайжруулахад ихээхэн ахиц дэвшил гаргаж байгаа. Тураалтай хүүхдийн тоо 2000 онтой харьцуулахад 90%-иар буурсан.  Гэсэн хэдий ч амин дэм, эрдэс бодисын дутагдал, түүнчлэн өсөлтийн хоцрогдол хоол тэжээлийн гол тулгамдсан асуудал хэвээр байна. Чинээлэг өрх айлын хүүхдүүдэд өсөлтийн хоцролт 6% байхад эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд 19% буюу гурав дахин өндөр байна” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн Хоол тэжээлийн хөтөлбөрийн ажилтан Л.Мөнхжаргал тайлбарлав.

Энэхүү тэгш бус байдлыг шийдвэрлэхийн тулд НҮБ-ын Хүүхдийн сангийн Хоол тэжээлийн хөтөлбөр тав хүртэлх насны хүүхдүүд, тэр дундаа ядуу, эмзэг, алслагдсан хөдөө нутгийн болон хотын захын жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд голлон анхаарч байна. Уг хөтөлбөр нь хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих, нэмэлт бичил найрлага бүхий хоол тэжээлийг эх, хүүхдэд хавсран хүргэх зэрэг нотолгоонд суурилсан арга зүйд суурилсан байна. Хоол тэжээлд, ялангуяа амьдралын эхний жилүүдэд оруулж буй хөрөнгө оруулалт нь хүүхэд, тэдний гэр бүл, цаашлдаа нийгэмдээ хамгийн их үр өгөөжөө өгдөг билээ.

"Бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ маш үр дүнтэй байна. Орон нутгийн эрүүл мэндийн статистик мэдээнээс харахад, өсөлтийн хоцролтын тархалт манай хөтөлбөр хэрэгжиж буй орон нутагт 2014 онтой харьцуулахад 1.6 хувиар буурсан байна. Энэхүү үр дүнг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Эрүүл мэнд, спортын яам “Эх, хүүхдийн хоол тэжээлийн стратеги 2015-2020” баримт бичигт дээрх арга хэмжээг гол бүрэлдэхүүн хэсэг болгон баталж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх болсон” хэмээн мэргэжилтэн Л.Мөнхжаргал нэмж хэлэв.

Энэхүү стратегийг баталснаар Жулдиз нарын залуу ээжүүд хүүхдүүдийнхээ хоол тэжээлд нь илүү сайн анхаарч, эрүүл мэнд, хөгжилд нь чухал үүрэг гүйцэтгэх болно.


Зохиогч: Алтангэрэлийн Энхзул, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Дижитал мэдээлэл, харилцааны зөвлөх







No comments:

Post a Comment