Тоглож буй Булган-Эрдэнэ хүү
©НҮБ-ын Хүүхдийн
сан/Монгол/2015/Н.Санжааханд
|
Булган-Эрдэнэ хүү ээжийнхээ хамт шалан
дээр тоглоомоороо тоглоно. Тэд өөр хоорондоо амархан ойлголцож, бие биедээ маш
их хайртай харагдана. Гэрэл зургийн дуран Булган-Эрдэнэийг чиглэхэд тэр илт
сэргэн инээж хөхөрнө. “Тэр жаргалтай, үргэлж л инээдэг хүүхэд. Одоогоор явж
чадахгүй ч маш идэвхтэй, хаа сайгүй мөлхдөг” гэж түүний эмээ Эрдэнэжаргал
өгүүллээ.
Булган-Эрдэнэ ээж Сугармаагийн хамт
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд жижигхэн модон байшинд амьдардаг.
Сугармаагийн эцэг, эх болох Эрдэнэжаргал, Батхишиг нар хамтдаа амьдардаг. Эрдэнэбулган
сум аймгийн төвөөс нилээд алслагдсан газар юм. Ээж Сугармаа нь хөгжлийн
бэрхшээлтэй ба сонсож ярьж чаддаггүй тул түүний ээж нь зээ хүү Булган-Эрдэнийг
харахад нь тусалдаг.
“Булган-Эрдэнийн дархлаажуулалтыг цаг
тухайд нь хийлгэдэг. Түүний дархлаажуулалтын тов болоход бид гурвуулаа очиж
хийлгэнэ. Би дархлаажуулалт нь хүүхдийг өвчнөөс хамгаалдаг гэдэгт үнэхээр
итгэдэг. Манай Булган-Эрдэнэ маш эрүүл хүүхэд шүү дээ. Дархлаажуулалт
хийлгэснээр тэр эрүүл байдаг гэж би боддог” хэмээн эмээ Эрдэнэжаргал нь бидэнд
хуучилсан юм.
Эрдэнэжаргал, Сугармаа хоёр
дархлаажуулалтын талаарх ээлжит мэдээллийг сумын эрүүл мэндийн төв дээр дархлаажуулалтын
сувилагчаас авчээ. Эрдэнэжаргал энэ тухайгаа “Сумынхаа төвөөс дархлаажуулалтын
талаар мэдээлэл авсан. Ээлжит мэдээлэл хийх бүрт нь би очиж илүү ихийг мэдэж
авдаг” хэмээн өгүүлэв.
Эрдэнэбулган сумын эрүүл мэндийн
төвийн дархлаажуулалтын сувилагч мөн Эрдэнэжаргал нэртэй бүсгүй байдаг бөгөөд
Булган-Эрдэнэ хүүд бүх товлолт дархлаажуулалтыг хийжээ. Тэр өмнө нь эрүүл
мэндийн төвийн сувилагч байсан бол сүүлийн таван жилд сумынхаа
дархлаажуулагчаар ажилласан ажээ.
“Манай суманд ойролцоогоор 750 хүүхэд
байдаг. Тэд бүгд дархлаажуулалтанд хамрагдсан. Би эцэг эхчүүдийг хүүхдээ цагт
нь дархлаажуулалтанд хамруулж байгаа эсэхэд байнга хяналт тавьдаг” гэж
Эрдэнэжаргал сувилагч бахархалтайгаар ярилаа.
Зуны турш зургадугаар сараас есдүгээр
сар хүртэл эцэг эхчүүд хүүхдүүдээ эмнэлэг дээр авчран дархлаажуулалтанд
оруулдаг. Харин аравдугаар сараас тавдугаар сар хүртэл гэрээр явж хүүхдүүдийг
дархлаажуулдаг байна. Эрдэнэжаргалыг дархлаажуулагчаар ажиллаж эхэлснээс хойш
тухайн орон нутгийн хүүхдүүдийн дунд дархлаажуулалтад хамааралтай ямар нэгэн
өвчин дэгдээгүй гэж бахархалтайгаар хэлж байлаа.
Өөрчлөлт хийсэн нь
Булган-Эрдэнэ,
Сугармаа болон Энхжаргал нар гэртээ
©НҮБ-ын
Хүүхдийн сан/Монгол/2015/Н.Санжааханд
|
Лхагвасүрэн эмч бол Хөвсгөл аймгийн
эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга. Түүний хэлснээр
Эрдэнэбулган сумын дархлаажуулалтын талаарх дээр дурдсан өндөр хувь нь аймгийн
хувьд тийм ч гайхмаар зүйл биш гэнэ. Учир нь “аймгийн хэмжээнд дархлаажуулалтын
өндөр үзүүлэлттэй, 98-99%-тай олон сумд бий. Харин 95%-иас доош
дархлаажуулалттай нэг ч сум байхгүй” гэж Лхагвасүрэн эмч хэллээ.
“Тэд маш хол замыг ихэвчлэн цаг
агаарын хүнд байдалд туулж нүүдэлчин малчин хүүхдүүдэд хүрдэг. Энэ маш хүнд
ажил. Гэвч бид үүгээрээ их бахархдаг, ялангуяа дархлаажуулалтын сувилагч
хүүхдэд хүрч ажиллах нь үнэхээр үлгэр дууриал болдог” гэж Лхагвасүрэн эмч ажил
мэргэжлээрээ бахархан хэллээ.
Эрүүл мэндийн яам болон орон нутгийн
эрүүл мэндийн газар улс орон даяар үндэсний дархлаажуулалтын долоо хоногийг
жилд хоёр удаа зохион байгуулж, бүх хүүхдүүдийг нягтлан, хоцорсон хүүхдүүдийг
дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг.
Лхагвасүрэн эмч дархлаажуулалтын
хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн “Намайг эмч болохоос өмнө
улаанбурхан, хөхүүл ханиад, полимиелит зэрэг урьдчилан сэргийлж болохуйц олон
өвчин дэгддэг байсан. Харин сүүлийн үеийн эцэг эхчүүд эдгээр өвчний талаар
мэдэхгүй болжээ. Яагаад гэвэл хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаж, өвддөггүй
болсон учраас л тэр шүү дээ” хэмээн тэрээр өгүүлсэн юм.
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэг
Сувилагч Эрдэнэжаргал
©НҮБ-ын
Хүүхдийн сан/Монгол/2015/Н.Санжааханд
|
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн
эрүүл мэндийн мэргэжилтэн В.Сүрэнчимэг хэлэхдээ “Дархлаажуулалт нь хүүхдийг
өвчнөөс сэргийлж, амьд явах, эрүүл байхыг хангадаг гол арга зам” гэв. “Дархлаажуулалт
нь урьдчилан сэргийлж болох өвчний эндэгдлээс хамгаалах хамгийн хүчтэй зэвсэг
бөгөөд дэлхий дээр 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн гуравны нэгийг
дархлаажуулах замаар урьдчилан сэргийлж болно. Энэ нь 20 секунд бүрт нэг хүүхэд
дархлаажуулж болох өвчний улмаас эндэж байгааг харуулж буй хэрэг. Монгол улс
маш өндөр буюу 95%-иас дээш дархлаажуулалттай байгаа нь гайхамшигтай амжилт”
хэмээн Сүрэнчимэг эмч нэмж хэллээ.
НҮБ-ын Хүүхдийн сан нь Эрүүл мэндийн яам,
орон нутгийн эрүүл мэндийн газруудыг дархлаажуулалтын хөтөлбөрт хамтран
ажиллаж, хамгийн бага үнээр урьдчилан сэргийлэх тарилга олох, тохиромжтой хэмд
хадгалах хөргөгчөөр ханган тарилгын идэвхтэй үйлчилгээг хадгалахад дэмжлэг
үзүүлдэг.
“Бид дархлаажуулалтын ач холбогдлын
талаарх хүмүүсийн мэдлэгийг нэмэгдүүлэх нь чухал. Монголын эцэг, эх бүр хүүхдээ
дархлаажуулах нь ашигтай гэдгийг мэддэг. Гэхдээ бид хүүхдээ дархлаажуулах нь
ямар их хэрэгтэй болох талаар хүмүүст мэдлэг, ойлголтыг хүргэх нь чухал юм”
хэмээн Сүрэнчимэг эмч онцолж байна.
Булган-Эрдэнийн гэрийнхний хувьд
хэдийн ийм ойлголттой болжээ. “Бид товлолт дархлаажуулалтаас хоцрохыг хэзээ ч
хүсдэггүй. Булган-Эрдэнийг илүү эрч хүчтэй, эрүүл чийрэг өсч нийгмийн идэвхтэй
гишүүн болох, магадгүй багш болох байх гэж итгэдэг. Үүнд нь дархлаажуулалт
туслах болно” гэж ээж нь хэлж байна.
Зохиогч
Зетти Брейк (Zetty Brake), Монгол дахь
НҮБ-ын Хүүхдийн сангийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн
No comments:
Post a Comment