30 September 2015

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд

©UNICEF Mongolia/2015/Andy Brown
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхдийн адил сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хамгаалуулах, амьд явах эрхтэй. Гэвч тэдэнд эрхээ эдлэхэд нь нэмэлт дэмжлэг хэрэгтэй байдаг. НҮБ-ын Хүүхдийн сан Монгол улсын Засгийн Газар болон бусад байгуулагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлийг дэмжин ажиллаж байна.

©UNICEF Mongolia/2015/Andy Brown 
12 настай Батзаяа охин ээж болон 6 настай дүү Нарангэрэлийн хамт. Тэд Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт амьдардаг. Батзаяа маш ухаантай охин бөгөөд хүний хэлснийг сайн ойлгодог боловч ярьж чаддаггүйн улмаас дохио зангаа ашиглан ойлголцдог.

©UNICEF Mongolia/2013/Andy Brown
Налайх дүүргийн нэгэн гэр бүл. НҮБ-ын Хүүхдийн Сан Засгийн Газартай хамтран бусдыг алагчлан гадуурхах явдлыг халахын төлөө ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байх нь ичих, санаа зовох зүйл биш. Эцэх эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ нуух явдал их байдаг байсан бол сүүлийн жилүүдэд хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг болж байна.

©UNICEF Mongolia/2015/Andy Brown
Нарангэрэл болон Батзаяа нар Хан-Уул дүүрэг дэх Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв дээр. Батзаяа тусгай сургуульд явдаг. Гэвч дүүргийн удирдлага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургуульд хамруулахын төлөө ажиллаж байна. "Би сургуульд явах дуртай. Надад олон найз байгаа. Бас би эгчтэйгээ багш, сурагч болж тоглох дуртай" хэмээн Батзаяа ярьсан юм.

©UNICEF Mongolia/2015/Andy Brown
Хүүхдийн төв дээр тоглож буй Нарангэрэл болон Батзаяа. Нарангэрэл эгчтэйгээ тоглох дуртай бөгөөд эгчийнхээ дохиогоор хэлснийг тайлбарлан, бусадтай ярихад нь тусалдаг.  "Манай эгч их мундаг бүжиглэдэг.  Бид 2 морь болж тоглодог, бас хамтдаа ном уншдаг" хэмээн Батзаяа эгчийнхээ тухай ярьсан юм.

©UNICEF/NYHQ2012-1786/Sokol
Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй сурагч. Ихэнх хөгжлийн бэрхшээлтэй сурагчид энгийн сургуульд сурах боломжтой бөгөөд энэ нь тэдэнд сурч боловсрох, нийгмийн харилцаанд оролцоход чухал дэмжлэг болдог. Мөн эдийн засгийн хувьд үр ашигтайгаас гадна бусад хүүхдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч мөн тэдэнтэй адил эрхтэй гэдгийг ойлгож мэдэхэд нь тусалдаг.

©UNICEF Mongolia/2014/Zetty Brake
Налайх дүүрэгт амьдардаг 7 настай Давхар хүү өнгөрсөн жил дүүргийнхээ энгийн сургалттай сургуульд элсэн оржээ. "Би сургуульд явах дуртай. Миний хамгийн дуртай хичээл тоо. Харин миний хамгийн хайртай багш бол Бямбасүрэн. Багш маань их гоё ааштай, бас бидэнд их зүйл зааж өгдөг" хэмээн тэр ярьсан юм.

©UNICEF Mongolia/2015/Andy Brown
Цэндмаа охин мөн Хан-Уул дүүрэгт амьдардаг. Тэр 9-р анги дүүргэжээ. Батзаяагийн адил тэр хөгжлийн бэрхшээлтэй боловч маш ухаантай. Дүүргийнхээ энгийн сургуульд гар урлал хийж сурч байгаа түүний хийсэн зүйлсийг олон хүмүүс худалдан авчээ.

©UNICEF Mongolia/2015/Andy Brown
Цэндмаа өөрийн хийсэн зүйлсээрээ ихэд бахархдаг нь түүний гар утсан дээрх зурагнуудаас харагдана. "Би гар урлалд дуртай. Бас гүйх хоббитой. Энэ 9 сард марафон гүйлтийн тэмцээнд орно гэж бодож байгаа. Найзуудаа санахаараа Фэйсбүүк орж, ярьдаг. ... их сургуульд орох юмсан гэж бодож байгаа" гэсэн юм.

©UNICEF Mongolia/2014/Andy Brown
Хан-Уул дүүрэг дэх Өлзийт хороолол нь Монгол улсын морин уралдааны төв юм. Унаач хүүхдүүдийн зарим нь хуулинд заасан наснаас доош настай, өвлийн хүйтэнд хамгаалалтын хувцасгүйгээр морь унадаг нь маш аюултай бөгөөд үүнээс болж унаж бэртэх, бүр хөгжлийн бэрхшээлтэй болох ч эрсдэлтэй байдаг. НҮБ-ын Хүүхдийн сан нь морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд уралдаанд орох хүүхдийн насыг нэмэх, аюулгүйн дүрмийг сайжруулахын төлөө ажилладаг.

©UNICEF Mongolia/2014/Zetty Brake
15 настай Будгарав 4 жилийн өмнө мориноосоо унан, гишгүүлснээс болж үүдэн шүдгүй болж, хоёр хөлөө хугалжээ. "Унахад маш их өвдсөн" гэж ярих Будгарав " Одоо би гэртээ зурагт үзээд л суудаг. Хааяа гэрийнхээ гадаа тоглоно. Бие гайгүй болбол дараа жилээс хичээлдээ явна даа" гэсэн юм.

©UNICEF Mongolia/2013/Andy Brown
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлснээр тэд ихийг хийж бүтээх боломжтой. Хан-Уул дүүрэг дэх Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Ганбаатар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн нэг хэсэг байгаасай" хэмээн хүсдэг тухай ярьж байна. "Анги болгонд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байлгахыг бид зорьж байгаа. Ингэж сурсан зарим хүүхдүүд маань одоо том болоод эмнэлэг, татварын алба зэрэг сайн ажилтай, сайхан мэргэжилтэй болоод явж байна".


No comments:

Post a Comment