07 October 2015

Шинэ хичээлийн жил, шинэ ариун цэврийн байгууламж

Далайбаяр хүрэл медалтайгаа
@НҮБ-ын Хүүхдийн сан/Монгол/Санжааханд

12 настай Далайбаяр хүү найз нартайгаа сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох дуртай. Тэр жаахан байхаасаа спортод дуртай бөгөөд спортын алдартай од болохыг хүсдэг байлаа.

Далайбаяр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд аав Эрдэнэбат, ээж Ганчимэг болон 17 настай Сүхбат, 16 настай Сүххуяг, 15 настай Мягмардалай нарын гурван ах болон 3 настай дүү охин Отгонцэцэг нарын хамт амьдардаг.

Тэдний гэрт орсон хэний ч нүдэнд дөрвөн ууган хүүхдийн авсан спортын тэмцээн уралдааны, сургалтын болон урлагийн амжилт бүтээл гаргасныг гэрчлэх медаль, баярын бичгүүд хамгийн түрүүнд тусна. Өнгөрсөн жил Далайбаяр сумын сургуулийн бүх сурагчдын дунд зохион байгуулагдсан Монголын уламжлалт үлгэр туульсын уран уншлагын тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ.

Далайбаяр хүү гурван ахтайгаа сумынхаа сургуульд явдаг бөгөөд одоо зургаадугаар ангид сурдаг. Харин дүү охин нь сумын цэцэрлэгт явна.

"Би сургуульд сурах дуртай. Тоонд дуртай учраас миний хамгийн дуртай хичээл бол математик" хэмээн өгүүлэх Далайбаяр хүү сургууль дээрээ олон найзтайдаа, бас хичээлээс гадуурх олон төрлийн нэмэлт үйл ажиллагаанд оролцохдоо дуртай байдаг гэнэ. 

Зуны турш барилгын ажил хийгдэж, Далайбаярын сургуульд ариун цэврийн байгууламжийг шинээр барьж байгуулжээ. Ариун цэврийн гурван шинэ байгууламж барьсны хоёр нь сайжруулсан бие засах газар, нэг нь цэвэр, бохир усны холболт бүхий төмөр чингэлгээр барьсан угаалгын өрөө юм. Бие засах суултуур бүхэн ханаар тусгаарлагдаж, цоож бүхий хаалгатай, халаалттай байхаар хийгдсэн бөгөөд гар угаах хэрэгслээр тоноглогдсон байна.

Далайбаярын ээж Ганчимэг энэ шинэ байгууламж үнэхээр том ахиц дэвшил болсон тухай ийнхүү өгүүлж байна. "Өмнө нь зүгээр энгийн нүхэн жорлон л байсан. Жорлонд бие зассаны дараа гараа угаах ямар ч боломж байхгүй тул хүүхдүүд гараа угаадаггүй байсан. Би ариун цэврийн шинэ байгууламжийг үзээд үнэхээр баярласан. Хүүхдүүд маань тав тухтай байна, бас байнгын усанд холбогдсон тул гараа угаана шүү дээ" хэмээн ээж Ганчимэг ярив. 

Далайбаяр хүү ч мөн "Надад шинэ бие засах газар их таалагдсан. Тэнд маш цэвэрхэн, бид гараа угааж болно, бас гар хатаагч байдаг. Хамгийн гол нь бие засахад бусдаас санаа зовох зүйлгүй, илүү тухтай байх болсон” хэмээн хэллээ. Өмнө нь бие засах газар байсан ч охид, хөвгүүд гэж тусгаарлаагүй, дээрээс нь хаалгагүй, зөвхөн хажуу ханаа дагуулан модоор тусгаарласан байжээ.

Олон нийтийн сонирхол

Далайбаяр болон түүний гэр бүлийнхэн Цагаан-Үүр дэх гэрийнхээ гадаа
@НҮБ-ын Хүүхдийн сан/Монгол/Санжааханд
Цагаан-Үүр сумын төв нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 180 км хол буюу машинаар ойролцоогоор таван цаг явах газар байрладаг. Өвлийн улиралд энэ суманд хасах 45 градус хүртэл хүйтэрдэг байна. Ийнхүү эрс хүйтнээс шалтгаалан орон нутгийнхныг ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах асуудал бэрхшээлтэй хэвээр байна.

Сургуулийн захирал Г.Баяраагийн хэлснээр сумын иргэд уг шинэ байгууламжид маш талархалтай хандаж байгаа ажээ. Ялангуяа шинэ барилга байгууламжийг сонирхон хэрхэн ажилладгийг мэдэхийг их хүсдэг хэмээн тэрээр тайлбарлав. "Ихэнх хүмүүс хэрхэн хийснийг харахаар ирж байгаа. Зарим хүүхэд, эцэг, эхийн хувьд магадгүй байшин дотор суурилуулсан бие засах газрыг анх удаа харж байгаа байх. Тэд өөрсдөө үүнийг одоохондоо ашиглаагүй ч гэсэн ирж үзэхийг хүсдэг" хэмээн нэмж хэллээ.

Ариун цэврийн байгууламжийн хамт энэ суманд өмнө нь харж байгаагүй шинэ технологиуд нэвтэрсэн байгаа. Энэ талаар "Тэр бие засах газарт гар хатаагч байгаа, өмнө нь хүүхдүүд зөвхөн алчуураар гараа арчдаг байсан шүү дээ. Тэд гар хатаагчийг хэрэглэх ямар ч ойлголтгүй байсан. Тэд бүр гар хатаагчийг нүүрээ угаах, хуурайгаар гар угаагч гэх мэтээр ойлгож байсан. Харин бид эдгээр техник хэрэгслүүдийг хэрхэн зөв ашиглах талаар зааж өгч байгаа” хэмээн Баяраа инээмсэглэн тайлбарлаж байлаа.  

Төслийн үр дүнг түгээх нь

Г.Баяраа "Дамдин" ахлах сургуулийн гадаа

@НҮБ-ын Хүүхдийн сан/Монгол/Санжааханд
Цагаан-Үүр суман дахь сайжруулсан бие засах газар нь Монгол орон даяар сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох НҮБ-ын Хүүхдийн сангийн зорилтот хөтөлбөрийн нэг хэсэг юм. НҮБ-ын Хүүхдийн сан нь ариун цэврийн байгууламж барьж байгуулах сайн жишиг, загварыг бий болгож, бусад орон нутагт түгээн хэрэгжүүлэхийн тулд Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотын Налайх дүүргийг сонгон ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Төмөрбаатар НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрийн гол дэмжигчдийн нэг. "Одоогоор НҮБ-ын Хүүхдийн сан 12 сумын 12 сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулаад байна. Хамгийн чухал зүйл бол үүнийг бүтээх мэдлэг, ойлголт нь бусад сумдад түгэн тархаж буй явдал юм. Олон сум сургуулийнхаа бие засах газрыг сайжруулахыг хүсдэг. Орон нутгийн иргэд ч уг асуудалд Засгийн газраас илүү их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болохыг ойлгон ухаарч байна" хэмээн ярилаа.

"НҮБ-ын Хүүхдийн сан үнэхээр зөв ажиллаж байна. Хүүхдүүдэд бие засах газар барьж өгсөнд төдийгүй  бусад сумдад загвар, төлөвлөлтийг нь хуулбарлан ашиглах боломжийг бүрдүүлж буй НҮБ-ын Хүүхдийн санд маш их талархаж байна. Бид мөнгөтэй болсон үедээ ариун цэврийн байгууламжийг сайжруулах уг төлөвлөгөөг ашиглан, манай аймагт шаардлагатай байгаа 35 сургууль, 26 дотуур байр, 38 цэцэрлэг тус бүрийн байгууламжийг сайжруулах болно" хэмээн Г.Төмөрбаатар ярив.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Ус, ариун цэврийн байгууламж хариуцсан мэргэжилтэн Н.Батнасан хөдөө, орон нутагт ундны усны хангамж, ариун цэврийн байгууламжид хөрөнгө оруулалт хийхийн чухлыг ийнхүү хэлж байна. "Ус, ариун цэврийн байгууламжийн сайжруулалт нь хүүхдийн эрүүл мэнд, тэдний суралцах, анхаарлаа төвлөрүүлэх чадварт эерэгээр нөлөөлж чаддаг. Хүүхдүүд аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжийг хэрэглэснээр тэдний эсэн мэнд бойжих, хөгжих, өөрсдийн бүрэн хүч  чадавхиа нээн хөгжүүлэх боломжийг бид бүрдүүлж, баталгаажуулж буй тул чухал ач холбогдолтой” гэв.

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран хамгийн сүүлд хийсэн судалгаанаас үзэхэд хот суурин газарт сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ 70 орчим хувь, харин хөдөө орон нутагт энэ хувь 40-аас доош байгааг мэргэжилтэн Н.Батнасан дурдаж байна. Тиймээс Монгол Улсад ариун цэврийн байгууламжийн төслүүдэд төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар Монгол хүүхэд бүр сайжруулсан ариун цэврийн байгууламж хэрэглэх боломжийг бүрдүүлж, өнөөгийн ялгаатай, тэгш бус байдлыг бууруулахыг хичээх шаардлагатай байна.  

Цагаан-Үүр сумын хүүхдүүдийн хувьд гар угаах байгууламжтай, хувийн нууц, тав тухыг нь хангасан шинэхэн, дулаахан ариун цэврийн өрөөнүүдтэй болж чаджээ.


Зохиогч

Зетти Брейк, НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн   



No comments:

Post a Comment