18 March 2016

Өсвөр үеийнхэнд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ хэрэгтэй

Баярмаа* 15 настай бөгөөд Монголын хөдөөд өсвөр насны охин байхын хэцүү бэрхийг өөрөө даван туулж яваа нэгэн юм. Тэр олон найз нөхөдтэй, хичээл сургуульдаа сайн хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл, хөвгүүдийн зүгээс гарч буй хүсээгүй бэлгийн дарамт болон бусад найз нөхөд, үе тэнгийнхний дарамт шахалттай маш их тулгардаг байна.
"Манай аав ээж надад анхаарал тавьдаггүй, надад үнэхээр чин сэтгэлээсээ ярих хүн байхгүй. Надад юу тохиолдоод байгаа тухай би найз нартаа ч ярьдаггүй. Харин энэ Өсвөр үед ээлтэй Эрүүл мэндийн төвд ирснээр мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, мэргэжлийн хүний дэмжлэг авч байна" хэмээн Баярмаа тайлбарлан хэллээ. Одоогоос гурван жилийн өмнө уг төвд ирж байсан ч энэ хугацаанд маш их ялгаа гарсан байна. "Үйлчилгээ нь маш сайн, зөвлөгөө нь ч их тустай" гэж тэр хэллээ. "Би аав, ээжтэйгээ ойр биш учраас тэдэнтэй нээлттэй ярьж чаддаггүй. Тиймээс намайг зарим нэг хөгжилтэй түүхийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг зөвлөсөн бөгөөд үүний үр дүнд манай гэр бүлд таатай дулаан орчин бий болж, бид одоо хоорондоо илүү их ярьдаг болсон” хэмээн Баярмаа өгүүллээ.

Баярмаа уг төвийн дэмжлэгийг авч, өөртөө тулгарч буй асуудлуудын талаар бусадтай ярих боломжтой байснаараа азтай юм. Дэлхийн ихэнх улс орны хувьд энэ боломж маш бага, ялангуяа сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний хувьд хүртээмж бага байдаг. Тэр  бүү хэл том хотуудад уг үйлчилгээ хязгаарлагдмал байна. "Сургуулийн нийгмийн ажилтан, эмч нар байдаг ч тэд сурагчидтай уулздаггүй. Мөн тэд  мэргэжлийн бус хүмүүс тул бидэнд хэрэгтэй дэмжлэг үзүүлж чаддаггүй" хэмээн Баярмаа нэмж өгүүлсэн юм. Харамсалтай нь Монгол Улсын олон хүүхэд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар тэдэнд шаардлагатай дэмжлэг тусламжийг авч чадахгүй байна.

Үйлчилгээг нэмэгдүүлэх нь

НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад түншүүд өсвөр насныханд чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээ нэмэгдэж байгааг тодорхойлжээ. Үүнд чиглэсэн арга хэмжээ болгон, НҮБ-ын Хүүхдийн сан Монгол улсын хойд хэсэгт орших Хөвсгөл аймгийн өсвөр насны хүүхдүүдэд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чадавхыг сайжруулахын тулд өсвөр насныхантай шууд ажилладаг эмч, нийгмийн ажилтан, багш, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд зэрэг 100 орчим мэргэжилтэнд эрчимжүүлсэн сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ.

Оюунцэцэг эмч Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн төвийн гадаа
Оюунцэцэг эмч Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн төвд ажилладаг ба өсвөр үеийнхний эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн нэгэн билээ. Тэр дээрх сургалтад хамрагдсан бөгөөд цаашид өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээнд чиглэсэн хөрөнгө оруулалт, сургалтын бодит шаардлага их байгааг чухалчилж байна.
"Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө өгөх хэрэгцээ, эрэлт их бөгөөд байнга нэмэгдэж байна. Аймгийн хэмжээнд өсвөр үеийнхний дунд өөртөө гэм хор учруулах, амиа хорлох тохиолдлууд хурдацтай нэмэгдэж байна. Бид өсвөр насны хүүхдүүдэд хүрч, тэдэнд хэрэгтэй тусламжийг үзүүлж чаддаг байх ёстой” хэмээн Оюунцэцэг эмч онцлон дурдаж байсан юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдол өмнө жил нийтдээ 2,050 байсан бол сургалтын дараагаар 4,730 өсвөр үеийнхэнд үйлчилгээ үзүүлж, хүртээмж эрс нэмэгдсэн байна. Оюунцэцэг эмчийн ажилладаг төвд 862 үйлчлүүлэгч хандаж зөвлөгөө авах болон сэтгэцийн эрүүл мэндийн бусад үйлчилгээнд хамрагджээ.
Бусад үйлчилгээний нэр төрөл өргөжиж байгаа учир эдгээр тоо улам нэмэгдэх магадлалтай байна. Тухайн сургалтын өмнө зөвхөн 21 газарт өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байсан бол сургалтын дараагаар эмнэлэг, сургууль, эрүүл мэндийн төв зэрэг нийт 53 байршилд уг үйлчилгээг үзүүлэх боломжтой болжээ. 

Гэвч Оюунцэцэг эмч үйлчилгээг илүү өргөжүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байна. "Ялангуяа хөдөө, алслагдсан орон нутагт илүү үйлчилгээ шаардлагатай байгаа. Хэрвээ боломжтой бол, бүх орон нутаг, сумдын эмч нарыг сургаж, тухайн орон нутгийн өсвөр үеийнхэнд үйлчилгээ үзүүлэх чадвартай болгон бэлтгэх ёстой гэж хэлмээр байна" хэмээн хэллээ.

Өсөн нэмэгдэж буй нийгмийн эрүүл мэндийн хямрал

НҮБ-ын Хүүхдийн сангийн Өсвөр үеийнхний асуудал хариуцсан мэргэжилтэн Дагвын Болорчимэг өсвөр үеийнхэнд чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж, улсын хэмжээнд авч үзэх нийгмийн эрүүл мэндийн асуудал болохыг онцлон хэллээ. "Монгол Улс дахь өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь насан туршид нь нөлөө үзүүлдэг бодит хямрал юм. Сүүлийн 12 сарын хугацаанд Монгол Улсын 13-15 насны өсвөр үеийнхний 20 гаруй хувь нь наад зах нь нэг удаа амиа хорлох тухай бодож, есөн хувь нь завдсан" тухай "Сургуульд түшиглэсэн сурагчийн эрүүл мэндийн олон улсын судалгаа (2013 он)"-д түшиглэн Д.Болорчимэг тайлбарлалаа.

"Өсвөр насныхан сэтгэцийн эрүүл мэндийн хувьд сайн, эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар зохих дэмжлэг туслалцаа авч чадсанаар сургуульдаа илүү амжилттай суралцаж, насанд хүрсэн хүн болон шилжих, улмаар нийгэмдээ үр бүтээлтэй гишүүн болж чадна гэдгийг бид мэднэ. Харин сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар зохих дэмжлэг тусламж аваагүй үлдсэнээр сурлагын амжилт тааруу байж, ажилгүйдэлд өртөх, эрсдэлтэй зан үйл, өөртөө гэм хор учруулах зэргээр урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц эрсдэлд хүргэж болзошгүй" хэмээн тэр хэллээ.

"Хэрвээ бид өсвөр үеийнхний нэн хэрэгцээтэй, шаардлагатай үед нь дэмжлэг болохыг хүсэж байгаа бол тэдний сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөр, үйлчилгээнд хөрөнгө оруулах нь манай улс төрийн бодлогын чухал чиглэл байх, мөн илүү их нөөц хуваарилах хэрэгтэй” хэмээн Д.Болорчимэг үзэж байна. "Энэ сургалт бол дөнгөж эхний алхам бөгөөд илүү ихийг хийх хэрэгтэй. Жишээлбэл, бусад аймаг, орон нутагт өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх талаар орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор ийм сургалт зохион байгуулах хэрэгтэй. Гэвч гол асуудал нь үүнд зарцуулах санхүүжилт байхгүй явдал юм” гэж хэллээ.

*Хувийн нууцлалыг хадгалах үүднээс тухайн хүний нэрийг өөрчилсөн болно.

Зохиогч
Зетти Брейк, НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн  

No comments:

Post a comment