23 June 2016

Сургуулийн ундны ус - сурагчдын боловсрол, хөгжлийн үндэс


Олимпийн аварга болох гарааБатаа үндэсний болон олон улсын 
Таэквондогийн тэмцээний медалиудтайгаа.
©НҮБХС Монгол Улс/2016/Энхзул Алтангэрэл
 Налайх дүүргийн 119 дүгээр сургуульд өглөөний завсарлагын хонх дуугарч, анги танхимын хаалгууд нээгдэж, хүүхдүүд яаран гарч ирлээ. Тэдний эхний зогсоол бол сэтгэл сэргээм хүйтэн, цэвэр ус бүхий сургуульд нь байрлуулсан цэвэр ус шүүгч байлаа. Арван долоон настай Бат-Ирээдүй хүү ангиасаа холгүй байрлуулсан ус шүүгчээс авсан усыг хэсэг залгилаад "Би азтай шүү, манай ангийн хажууд усны шүүгч байдаг” хэмээн инээд алдлаа. Хүссэн үедээ сайхан цэвэр ус уух нь зарим хүнд ихэд биелэмгүй зүйл хэдий ч эдгээр сурагчдад бол тийм биш ажээ.


Бат-Ирээдүй буюу найзуудынх нь дууддагаар Батаа 12-р ангид сурдаг бөгөөд Налайх дүүрэгт ээж, аавын хамт амьдардаг. Тэрээр Таеквондогоор тууштай хичээллэдэг бөгөөд долоо хоногт 4-5 удаа бэлтгэлд гардаг гэнэ. "Би зургаан жилийн турш Таеквондогоор хичээллэж байна. Энэ спорт сахилга бат, дэг журам заадаг учраас би дуртай” хэмээн бахархалтайгаар хэллээ. Тэрээр хотын, үндэсний болон олон улсын тэмцээнүүдэд удаа дараа оролцож, гурван удаа улсын аварга болж, бас мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ.

Батаа аягандаа ус дүүргэн авахын хамт сургуульд нь ус шүүгч байхгүй бол тэдэнд ямар байдал үүсэх байсныг тайлбарлан ярилаа. "Сурагчид сургууль дээр өдөрт дор хаяж дөрвөн цаг зарцуулдаг. Хэрвээ хичээлээс гадуурх үйл ажиллагаа эсвэл спортын бэлтгэлтэй бол бүр түүнээс урт хугацаа зарцуулдаг. Олон хүүхэд олон цагийн турш ус уухгүй явах байсан. Хэрвээ хүүхдүүд үнэхээр ам цангаж байгаа бол савласан ус байнга худалдан авч чадахгүй тул цоргоноос шүүгээгүй ус уудаг” гэж өгүүлэв.

Тэрээр "Одоо ийм ус шүүгчтэй болсноор хүүхдүүд хүссэн үедээ цэвэр, найдвартай ус ууж байна. Ус шүүгчээс хүйтэн, халуун ус аль аль нь гардаг нь гоё” хэмээн нэмж хэлэв. Батаа нэг л өдөр олимпийн аварга болно хэмээн мөрөөддөг бөгөөд түүнийг мөрөөдлөө биелүүлэхэд нь ундны цэвэр ус хэрэгтэй болохыг тэр мэддэг. Бид бүхэнд эрүүл байхад тусалдаг учраас ус хамгийн чухал юм. Хүн эрүүл байснаар л шаргуу ажиллаж, өөрсдийн зорилгодоо хүрэх болно.


Батаа ангийн хүүхдийн хамт сургуульд нь байрлуулсан цэвэр ус шүүгчийн дэргэд
©НҮБХС Монгол Улс/2016/Энхзул Алтангэрэл

Олон нийтийн дэмжлэг

Дорж гуай сургуулийн зохион байгуулагч бөгөөд сургуульдаа эдгээр ус шүүгчийг хэрхэн авсан тухайгаа тайлбарлан хэллээ. "Анх 2013 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр гурван ус шүүгч сургуульдаа суурилуулсан. 2013 онд манай сургуулийн барилга баригдаад нэг жил болж байлаа. Тухайн үед бидэнд давхар бүрд нэг ус шүүгч байсан бөгөөд нийт 1800 гаруй сурагч, багш ажилтнуудад хүрэлцэхгүй байсан. Тиймээс сургуулийн зүгээс дахин нэгийг худалдан авах шийдвэр гаргасан.

"Цэвэр усаар хүүхдүүдийг хангах нь маш чухал болохоор бид ус шүүгчийг сайн арчилж тордохын тулд чадах бүхнээ хийж, засвар үйлчилгээний зардлыг төсвөөсөө тодорхой хэмжээгээр нөөцөлж байсан. Одоо ч гэсэн бид илүү хүртээмжтэй болгохын тулд хоёр ч ус шүүгчийг суурилуулахаар ярилцаж байна" хэмээн Дорж гуай өгүүллээ.


Сургуульд ус шүүгч байх нь хүүхдийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй
гэдэгт Мөнгөнцэцэг эмч итгэдэг.
©НҮБХС Монгол Улс/2016/Энхзул Алтангэрэл

Багш ажилтнууд, сурагчид маш сайхан урам зоригтой байна. "Цэвэр усыг тогтмол ууж хэрэглэх нь олон талын ашиг тустай. Жишээ нь, хүний биен дэх усны хэмжээ өндөр байх нь хүүхдүүд амархан ядарч цуцахгүй байх, хоол хүнсээ хурдан шингээх улмаар хичээл сурлагадаа амжилт гаргах зэрэгт сайнаар нөлөөлнө. Ус шүүгчтэй болсноор хүүхдүүд хэрэгцээтэй үедээ ус ууж болно. Эцэст нь Монголын Улаан загалмайн нийгэмлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хэрэгжүүлж буй ус, эрүүл ахуйн кампанит ажлын ачаар хүүхдүүд усыг ихээр уух сайн зуршилтай болж хэвшсэнд талархаж байна. Одоо ихэнх хүүхдүүд өөрийн аяга болон усны савтай явдаг болсон" хэмээн сургуулийн эмч Мөнгөнцэцэг талархан өгүүлэв.

НҮБ-ын Хүүхдийн сан ба сургуулийн усан хангамж

Ундны ус нь бүх хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжихийн эх үндэс юм. Аюулгүй ундны ус нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, боловсролд чухал холбогдолтой.

НҮБХС-ийн “Сургуулиуд дахь УАЦЭХ хөтөлбөр нь сурагч, багш нарын хүүхдэд ээлтэй, аюулгүй ус, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлж, эрүүл ахуйн боловсролоор дамжуулан эрүүл мэндийг сайжруулах, сурлагын амжилтыг нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг дэмжихийг зорьдог.

Налайх дүүргийн 14 хороонд явуулсан судалгаагаар ундны цэвэр усны хүртээмж цэцэрлэг, сургуулийн аль алинд нь хангалтгүй байсан нь тогтоогджээ. Энэ байдлыг засахын тулд НҮБ-ын Хүүхдийн сан ундны цэвэр усаар хангах боломжит арга замыг харуулах зорилгоор дээрх ус шүүгчийг Налайх дүүрэг, Хөвсгөл аймгийн зарим зорилтот сургууль, дотуур байр, цэцэрлэгүүдэд загвар болгон суурилиулсан билээ.

Энэ санаачлагыг орон нутгийн удирдлага, сургууль, эцэг эхчүүд дэмжиж бусад сургуулиудад ус шүүгч авч өгөх хөрөнгө санхүүжилтийг шийджээ. Улмаар эцэг эх, багш нар НҮБ-ын Хүүхдийн сангийн хөтөлбөрөөр дамжуулан эрүүл ахуйн асуудлаар мэдлэг ойлголтоо дээшлүүлж, усыг хадгалах, хэрэглэх талаар ойлголт, чадавх эрс сайжиржээ.

"Цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүүхдийн эрхийг дэмжихийн тулд эдгээр сайн туршлагыг дахин түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй" хэмээн хөтөлбөрийн мэргэжилтэн Н.Батнасан ярив.

Одоогийн байдлаар ундны усны сайжруулсан эх үүсвэр улсын хэмжээнд 68 хувьтай, харин ариун цэврийн байгууламжийн хүртээмж дөнгөж 58 хувьтай байна. Саяхан НҮБ-ын Хүүхдийн сан болон түнш байгууллагуудын нөлөөллийн ажлын үр дүнд Монгол Улсын Засгийн газар “Цэцэрлэг, сургуулийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах шаардлага, норм”-ыг баталсан байна. Энэ баримт бичиг нь хүүхдийн ундны ус, ​​ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах гол тулгуур чулуу болох билээ.

Магадгүй Батаагийн хувьд энэ нь Олимпод хүрэх тулгын чулуу байж болох юм.


Зохиогч:        Алтангэрэлийн Энхзул, НҮБ-ын Хүүхдийн сангийн Дижитал мэдээлэл, харилцааны зөвлөх






8 comments: