14 August 2018

Агаарын бохирдлоос хүүхдээ хамгаалахад эцэг эхчүүдийн үүрэг чухал

Улаанбаатар хотод судалгааны ажил дээрээ ажиллаж буй, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн
Мисбат Дауда. 
©UNICEFMongolia/2018/Sabina Netrvalova

Судлаач Мисбат Дауда нь агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар Улаанбаатар хотод ажиллаж байна. Тэрээр нийслэлийн агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрсэн гэдгийг хэлж байна. Агаарын бохирдол нярай хүүхдийн тархины хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлдөг, хүүхдээ агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах талаар эцэг, эх юу хийж болох тухай судлаач бүсгүйтэй ярилцлаа.

Таны Монголд ирж ажиллах болсон шалтгаан?
Би Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн магистрын хөтөлбөрт суралцдаг, удахгүй төгсөнө. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Санд дадлага хийхээр ирсэн. Миний дадлагын ажлын гол зорилго бол хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг судлах. Энд би тоон мэдээлэл цуглуулаад, түүн дээрээ дүн шинжилгээ хийж, агаарын бохирдлын нөлөөгөөр хүүхдийн дундах амьсгалын замын өвчлөл хэрхэн нэмэгдсэн бэ гэдгийг анх удаа цогцоор нь харах боломжтой болно.

Чухам яагаад Монгол орныг сонгох болов?
Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын хоёр дугаарт жагсдаг. Монголд НҮБ-ын Хүүхдийн Сангаас энэ чиглэлээр багагүй ажлууд хийгээд эхэлсэн учир би ийшээ ирэхээр шийдсэн юм. Миний хийх судалгааны үр дүн дээр тулгуурлан зөвлөмжүүд гарах боломжтой тул НҮБ-ын Хүүхдийн Сангийн одоо хийж байгаа үйл ажиллагаатай их сайн уялдана гэж харсан. Нөгөөтэйгөөр, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөг сүүлийн үеийн судалгаанууд баталсаар байгаа учир үүний шийдлийг хурдан олох шаардлага бидэнд тулгараад байна. Энэ үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулъя гэж зорьсон юм.

Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс дэлгэрэнгүй танилцуулж болох уу? Агаарын бохирдол нь хүүхдийн эрүүл мэндэд ямар хор уршиг учруулдаг вэ?
Ер нь агаарын бохирдол амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлтэй холбоотой гэдгийг байнга нотолж ирсэн. Саяхнаас эрүүл мэндэд учруулдаг бусад хор уршгийг тогтоож эхлээд байна. Тухайлбал, агаарын бохирдол дотор байдаг PM2.5 буюу нарийн ширхэглэгт тоосонцор нь их нарийн ширхэгтэй шууд цусанд нэвтрээд зогсохгүй, хүний тархинд нэвтэрч, мэдрэлийн хөгжилд нь нөлөөлдөг гэдгийг тогтоосон. Түүнчлэн, агаарын бохирдол ихтэй орчинд өссөн хүүхдүүдийн хэл ярианы хөгжил болон сэтгэн бодох чадвар харьцангуй муу байдгийг сүүлийн үеийн судалгаанууд нотлоод байна.

“Агаарын бохирдолтой орчинд өссөн хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар болон хэл ярианы хөгжил мууддаг”

Өвлийн цагт Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын нэг болдог. ©UNICEFMongolia/2018/TamirBayarsaikhan

Та өөрийн судалгааны талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгнө үү? Та анх Монголд хэзээ ирсэн бэ?
Би өвөл нэг сард хоёр долоо хоногийн хугацаатай ирсэн. Ингэхдээ судалгаанд шаардлагатай тоон мэдээллийг олж авахын тулд төрийн болон судалгааны байгууллагуудтай холбоо тогтоох зорилготой ирсэн. Тэр дундаа Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газраас сүүлийн хэдэн жилийн амьсгалын замын өвчлөл болон төрөлтийн мэдээллийг цуглуулсан. Мөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газартай уулзсан. Энэ газраас хотын олон байрлалд агаарын чанарын суурин харуул ашиглан агаарт байгаа түгээмэл бохирдуулах бодисуудыг өдөр өдрөөр нь, заримдаа цагаар нь хэмжиж байдаг. Тэдгээр мэдээллийг авсан. Мөн дүүргийн хэд хэдэн эмнэлгээр орж, нэмэлт мэдээлэл цуглуулсан.

Цуглуулсан мэдээллээсээ та юуг олж мэдэв?
Дүгнэлт гаргахад арай эрт байна. Гэхдээ 2015-2017 оны тоог харвал нарийн ширхэгт тоосонцор PM 2.5-ын хэмжээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөдөг стандарт хэмжээнээс жилийн бараг 90%-д нь давсан үзүүлэлттэй гарч байгааг харж болохоор байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд асар муу нөлөөтэй. Бид нярай хүүхдийн амьсгалын доод замын хурц үрэвслээр өвчлөх магадлалыг агаарын бохирдол ДЭМБ-ын стандарт хэмжээнд ойртсон үед болон одоогийн Улаанбаатар хотын агаарын бохирдолтой үед ямар байхыг харьцуулж тооцоолж үзсэн. Ингэхэд Улаанбаатар хотод өвлийн цагт нярай хүүхэд амьсгалын доод замын хурц үрэвслээр өвчлөх эрсдэл нь хоёр дахин өндөр байгааг тогтоосон.

Та анх нэг сард Улаанбаатарт ирэхдээ агаарын бохирдлыг өөрийн нүдээр хараад их гайхсан уу?
Ирэхээсээ өмнө мэдээлэл авсан байсан болохоор нөхцөл байдал нэлээд муу гэдгийг мэдэж байсан. Миний цуглуулсан тоо баримт ч үүнийг нотолсон. Гэхдээ ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс хамаагүй өндөр гэдгийг уншиж мэдэх нэг хэрэг, яг өөрөө ирээд амьсгалахад ч хэцүү байгааг мэдрэх огт өөр юм билээ.

Мисбат, Жаргалсайхан нар Баянзүрх дүүргийн хорооны эрүүл мэндийн ажилтнуудад судалгааны үр дүнгээ танилцуулж байна. ©UNICEFMongolia/2018/Sabina Netrvalova 

Судалгааны ажлаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?
Эцсийн зорилго гэвэл энэхүү олж авсан мэдээлэл, баримт нотолгоог зөвхөн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд төдийгүй олон нийтэд энгийн, хүртээмжтэй хэлбэрээр ойлгуулах явдал юм. Иргэд энэ мэдээллээр дамжуулан агаарын бохирдлын хэмжээ бусад газруудтай харьцуулахад ямар байна, энэ нь амьсгалын замын өвчлөлийн эрсдэлийг хэрхэн нэмэгдүүлдэг зэргийг мэдэж авах нь их чухал. Мөн энэхүү судалгааны үр дүнгээр дамжуулан шийдвэр гаргагчдад нэн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн дохиог өгмөөр байна. Судалгааны тоон үр дүн агаарын бохирдол Монгол хүүхдүүдийн эрүүл мэндэд ямархуу хэмжээний хор уршиг учруулж байгааг тодорхой харуулна. Нүүрсээр галладаг пийшин зуухыг солиход их хугацаа шаардагдах тул, үүнтэй зэрэгцээд агаарын бохирдлын сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болж байна. Үүнд судалгааны ажил маань тодорхой хэмжээгээр нэмэр болно гэж найдаж байна.

Одоогоор судалгааныхаа эхний үр дүн, зөвлөмжийг Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд л танилцуулсан байгаа. Бусад дүүрэгт мөн түгээгээсэй гэж хүсэж байна. Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон эмч нарын сургалтын хөтөлбөрт агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх тухай модуль сургалтыг оруулах хэрэгтэй гэж би үзэж байна. Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдол нь харьцангуй шинэ асуудал хэдий ч, цаашдаа эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн сургалтын хөтөлбөрт агаарын бохирдлын асуудлыг оруулах нь зүйтэй гэж бодож байна. Нийгэмд эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үгийг илүү сайн сонсож, хүндэтгэдэг. Иймд эмч нар агаарын бохирдлын эрүүл мэндэд учруулж буй хор нөлөөг илүү ойлгоод ирвэл үүнийг дагаад олон нийтийн ойлголт, хандлага ч сайжирна гэж үзэж байна.

Та зөвлөмж, зөвлөгөөнөөсөө хуваалцана уу?
Миний гаргаж байгаа зөвлөмжүүд хүүхдийн агаарын бохирдолд өртөх өртөлтийг бууруулахад эцэг, эх юу хийж болох вэ гэдэг дээр голлон анхаарсан. Эдгээр зөвлөмжүүд нь ДЭМБ, НҮБ-ын Байгаль орчны байгууллага болон Уур амьсгал, цэвэр агаар эвсэл нарын хамтран хэрэгжүүлдэг BreatheLife нэртэй кампанит ажлын зөвлөмж дээр тулгуурласан бөгөөд гэр бүлийн зан үйлийг өөрчлөн төлөвшүүлэх зорилготой. (Энэхүү кампанит ажил нь 2030 он гэхэд агаарын бохирдлын хэмжээг аюулгүй түвшинд хүргэж бууруулах санаачилгын хүрээнд дэлхийн хотууд, орон нутгуудтай хамтран ажилладаг). Тухайлбал, ub-air.info вэб сайтаас хотын агаарын чанарыг байнга шалгаж, агаарын бохирдлын түвшин өндөр байгаа үед гадуур удаан гарахгүй, спортоор хичээллэхгүй байх зэргээр ажил, амьдралаа төлөвлөж сурах зөвлөгөөг тусгасан. Ялангуяа хүүхдийн тэрэг түрж явахдаа замынхаа барилгатай талд явах нь зөв. Өвлийн цагт Монголчууд гэртээ дийлэнх цагаа өнгөрүүлдэг. Иймд гэр доторх агаарыг цэвэр байлгах нь чухал. Үүний тулд чанартай түлш, зуух ашиглах шаардлагатай.

“Веб сайтаас хотын агаарын чанарыг байнга лавлаж харах, агаарын бохирдол өндөр үед гадаа аль болох гарахгүй байхыг зөвлөмөөр байна.”

Судалгаа хийх үед тулгарсан бэрхшээл?
Судалгаанд ашигласан тоон мэдээллээ ойлгох, дүн шинжилгээ хийхэд бэрхшээл тулгарсан. Зарим үед мэдээллийг компьютерт оруулаагүй байсан нь тухайн мэдээллийг олж авахад хүндрэлтэй байсан. Мөн зарим нэг хэрэгтэй мэдээлэл огт байхгүй, эсвэл байсан ч алдаатай тэмдэглэгдсэн зэрэг тохиолдол гарсан. Түүнчлэн агаарын чанар хэмждэг суурин харуулуудын зарим нь урт хугацаанд ажиллахгүй байх тохиолдол байсан тул хүссэн хэмжээний мэдээллээ цуглуулж авч чадаагүй.

Тэгвэл эерэг сэтгэгдэл үлдээсэн зүйл нь юу байв?
Дүүргийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд агаарын бохирдлын талаар сургалт семинар зохион байгуулах боломж олдсонд их баяртай байсан. Судалгааны маань үр дүн эмч, эрүүл мэндийн ажилчдад илүү чухал юм. Асуудал хэр ноцтой байгааг тэд өөрсдөө ойлгож байж хүүхдүүдийн эцэг эхэд ойлгуулна шүү дээ. Намайг сургалт зохион байгуулж байхад дүүргийн эрүүл мэндийн ажилчид асуулт тавьж, их идэвхтэй байсан нь надад их урам хайрласан.

Мисбат, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн оюутан Г.Жаргалсайхан хоёр ажиллаж байна. ©UNICEFMongolia/2018/Sabina Netrvalova

Монголын судлаач нартай, байгууллагуудтай хамтран ажиллахад ямар санагдав?
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэргэжилтнүүд миний судалгаанд их тусламж дэмжлэг үзүүлсэн. Надад тоон мэдээлэл олж өгөхөөс гадна, удирдан чиглүүлж, зөвлөгөө өгч байсан. Миний гаргасан санал санаачилга болгоныг хүлээн авч байсанд би маш их баярласан. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Г.Жаргалсайхантай хамтран ажилласандаа их талархсан. Надад уг нь орчуулга хийж өгөх үүрэгтэй байсан ч, судалгааны ажилд их хувь нэмэр оруулж хамтарч ажилласан. Судалгааны материал цуглуулах үед гарч байсан асуултын ихэнхэд нь хариулж, судалгааны дүнг боловсруулахад их тус болсон. Жаргалсайхан болон НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран ажилласнаар их олон зүйлийг мэдэж авлаа.

Мисбат Дауда нь эрүүл мэнд ба хүрээлэн буй орчин чиглэлээр Харвардын Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Магистрт сурдаг. Тэрээр 12-р сард сургуулиа төгсөөд, хүрээлэн буй орчны өөрчлөлт ба хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр үргэлжлүүлэн сурах зорилготой. Тэрээр хөгжиж буй болон буурай хөгжилтэй улс орнуудад хүрээлэн буй орчны хүчин зүйлсээс болж хүүхдүүд хэрхэн эрхээ бүрэн эдэлж чадахгүй байгааг судлах сонирхолтой.

Бичсэн:
Сабина Нетрвалова
НҮБ-ын Сайн дурын ажилтан
НҮБ-ын Хүүхдийн Сан

2 comments:

  1. Thank you for sharing the article with me. Thank you for recommending me.











    บาคาร่าออนไลน์

    ReplyDelete
  2. Hello Everybody,
    My name is Ahmad Asnul Brunei, I contacted FIVE STAR FINANCE COMPANY for a business loan amount of $250,000, Then i was told about the step of approving my requested loan amount, after taking the risk again because i was so much desperate of setting up a business to my greatest surprise, the loan amount was credited to my bank account within 24 banking hours without any stress of getting my loan. I was surprise because i was first fall a victim of scam! If you are interested of securing any loan amount & you are located in any country, I'll advise you can contact FIVE STAR FINANCE COMPANY via email fivestarfinancecompany@gmail.com.
    For call or watssap us +15165910949

    ReplyDelete