Фото зураг: Нандиа охины хамт |
M. Булгансор охин
эхийнхээ өвөр дээр эрхлэн тоглож байна. Охиноо инээж хөхрөх бүрд Д.Нандинцэцэг (Нандиа,
19 настай) нь түүнийг энхрийлэн
харж, инээмсэглэж байлаа. Булгансор бол аз жаргалтай, эрүүл энх өсөн торниж буй 7
сартай охин юм. Тэрээр эрүүл саруул бойжиж, өдрөөс өдөрт өсөж
том болж байна. Түүний ээж Нандиа их сургуулийн оюутан ба охиноо
төрүүлснээс хойш 6 сарын турш зөвхөн өөрийн хөхний сүүгээр хооллож байгаа учраас
эрүүл гэдэгт итгэлтэй байдаг.
Нандиа жирэмсэн
байхдаа Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Дэлгэрмөрөн өрхийн эмнэлэгт хандан төрөхийн
өмнөх асаргаа тусламж авч байсан юм. Тэрээр бусад жирэмсэн эхчүүдийн нэгэн адил
олон тооны сургалтад хамрагдсаны нэг нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй
боловсруулсан нярай хүүхдийг эхийн сүүгээр хооллох тухай сургалт байлаа. Энэ
сургалтын явцад Нандиа хүүхдийг төрсний дараах эхний зургаан сард хөхөөр
хооллохын ач холбогдлыг сайтар мэдэж авсан бөгөөд тийм ч учраас хүүхдээ
өсгөхийн тулд өөрийн сургуулиасаа нэг жилийн чөлөө авсан билээ.
“... тэр
сургалтын явцад хүүхдийг хөхөөр хооллохын ач холбогдлыг би сайн ойлгож авсан.
Хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, ялангуяа оюун ухааны
хөгжилд гол үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг мэдсэнээр би хүүхдээ зөвхөн хөхний
сүүгээр хооллохоор шийдэж, хэрэгжүүлсэн” хэмээн Нандиа өгүүлсэн юм.
Хүүхдээ орхиод явах нь.
Фото зураг: Наранчимэг, Нандиа болон охин Булгансорын хамт эмнэлэг дээр |
Гэвч бүх залуу эх
Нандиагийн адил мэдлэг ойлголт авч чадаагүй юм. Наранчимэг бол Нандиагийн
үйлчлүүлж байсан Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Дэлгэрмөрөн өрхийн эмнэлгийн
сувилагч юм. Наранчимэг “Мөрөн хотын олонх залуу оюутан ээжүүд хүүхдээ эцэг
эхдээ даатган үлдээж, сургуульдаа сурахаар явцгаадаг. Ингэснээр тэд хүүхдээ
хөхөөр хооллох боломжгүй болдог” хэмээн өгүүллээ.
Гэвч үнэндээ
зөвхөн их дээд сургуулийн оюутнууд төдийгүй олон эхчүүд хүүхдээ хөхөөр
хооллодоггүй юм. НҮБ-ын Хүүхдийн Сан болон Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн
судалгаагаар сүүлийн 13 жилийн хугацаанд хүүхдээ төрсний дараах эхний зургаан
сарын хугацаанд дан хөхөөр хооллосон эхчүүдийн хувь 2005 онд 57 хувьтай байсан
бол 2013 онд 47 хувь болж буурсан болохыг тогтоожээ. “Энэ бол маш харамсалтай
хандлага юм” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хоол тэжээлийн мэргэжилтэн
Л.Мөнхжаргал хэлсэн юм. Хүүхдийг хөхөөр хооллох нь хүүхдийг эрүүл
энх өсгөн торниулах хамгийн энгийн, хамгийн үр дүнтэй аргын нэг юм. Хэрвээ
хүүхдийг эхний зургаан сарын хугацаанд дан эхийн сүүгээр хоолловол тав хүртэлх
насны хүүхдийн нийт нас баралтын 11-13 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой
байдгийг судалгаагаар тогтоосон байдаг. “Гэвч
эхчүүд хүүхдээ хөхөөр хооллоход олон тооны саад бэрхшээл тулгарсаар байна.
Тухайлбал хөхний сүү орлуулагчийг эхийн сүүнээс илүү чанартай мэтээр
сурталчлах, эмэгтэйчүүдийг ажилдаа эргэн орж, улмаар хөхөө хөхүүлж чадахгүйд
хүргэдэг эдийн засгийн учир холбогдол, мөн зарим эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн
зүгээс нялх, нярай хүүхдийг хооллох талаар буруу мэдээлэл, зөвлөгөө өгдөг зэрэг
шалтгаан байдгийг Л.Мөнхжаргал онцолжээ.
НҮБ-ын Хүүхдийн сан
болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хүүхдийг төрсний эхний зургаан
сарын хугацаанд дан хөхний сүүгээр хооллох, мөн наад зах нь хоёр жил, түүнээс ч
урт хугацаанд бусад нэмэлт хоол тэжээлийн хамт хөхөөр хооллохыг зөвлөдөг. Монгол
дахь НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон
бусад түншүүдтэй хамтран уг хандлагыг өөрчлөхийн төлөө ажиллаж байна. Хөвсгөл
аймгийн хувьд НҮБ-ын Хүүхдийн Сан орон нутгийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй
хамтран нярай болон нялх хүүхдүүдийг хоол тэжээлийг дэмжих, түүний дотор эхчүүд
хүүхдээ хөхөөр хооллохыг дэмжих олон тооны санаачлага өрнүүлэн ажиллаж байна.
Хүүхдийг хөхөөр
хооллохын ач холбогдлыг тодорхойлсон эдгээр санаачлага ихээхэн эерэг үр дүн
авчирч, эхчүүдэд хүрч чаджээ. Өөрийн
охин Булгансороо хөхөөр хооллох шийдвэрт хүргэсэн сургалтын мэдээлэл Нандиад зөвхөн боловсрол өгөөд зогсохгүй, түүний охиныг өөр төрлийн хоолоор хооллож
эхлэхийг ятгасан ээжийнхээ саналаас татгалзахад хүргэсэн юм. “Миний охиныг
дөрвөн сартай байхаас эхлэн ээж маань чихэртэй ус, тараг зэрэг нэмэлт хүнсээр
хоолох тухай ятгаж байсан. Гэвч би хүүхэд төрсний дараах эхний зургаан сарын
турш юу хэрэгтэйг сайн мэдэж байсан учраас охиндоо хөхний сүүнээс өөр зүйл огт
өгөөгүй” хэмээн Нандиа өгүүлсэн юм.
Нандиа охин
Булгансороо зургаан сартай болсноос эхлэн өөр төрлийн хүнс нэмж эхэлсэн бөгөөд
үүний хамт үргэлжлүүлэн хөхөөр хооллосоор байна. Одоо Нандиа Монгол Улсын их
сургууль дахь Харилцаа холбооны инженерийн сургалтаа үргэлжлүүлэхээр бэлтгэж
байна. Тэрээр сурах явах үедээ охин Булгансорыг өөрийн эцэг эхийнд үлдээхээр
төлөвлөсөн байжээ. Гэвч одоо тэрээр өөрийн бодлоо өөрчилж, Улаанбаатар хот руу охинтойгоо
хамт явж, үргэлжлүүлэн хөхөөр хооллохоор шийдвэрлэсэн байна.
Нандиа Хөхөөр хооллолтын долоо хоногийн үеэр нэвтрүүлсэн 120/80 Эрүүл мэндийн ток шоу
нэвтрүүлэгт оролцсон билээ. Ток шоуны үеэр тэрээр хүүхдийг хөхөөр хооллох
өөрийн туршлагыг хуваалцаж, бусад залуу эхчүүдийг хүүхдээ хөхөөр хооллохыг
уриалсан юм.
Бичсэн:
Мягмарын Одгэрэл, НҮБХС-ийн Хөгжлийн
төлөө мэдээлэл харилцаа (C4D)-ны
мэргэжилтэн, Зетти Брейк, НҮБХС-ийн Мэдээлэл ба
гадаад харилцааны мэргэжилтэн
No comments:
Post a Comment