19 December 2014

Аавын бэлтгэсэн эрүүл хоол

Эрдэнэбат бичил тэжээлийн холимогоор баяжуулсан шөл бэлтгэж 
байгаа нь © НҮБХСМонгол/2014/ Магвандоржийн Бямбарагчаа

Эрдэнэбат 26 настай бөгөөд  зуухаа тойрон баяжуулан агшаасан будааны шөлийг өөрийн гараар хичээнгүйлэн хийж байна. Тэрээр хоолоо хийж дуусмагц, өрөөнд буй бусад таван эцэгт хандан өөрийн хийсэн хоолны илчлэгийн талаар ярьж өглөө.

Эрдэнэбат Монгол Улсын хойд хэсэгт орших Хөвсгөл аймгийн Тариалан сумын эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан Хүүхдээ хооллох сургалтад оролцож буй бөгөөд өөрийн долоон сартай бяцхан охиноо хэрхэн хооллох тухай суралцаж буй нь энэ юм. Эрдэнбатын эхнэр сумынхаа сургуульд математикийн багшаар ажилладаг тул охиноо  асрах гол үүргийг тэр өөрөө хүлээсэн байна.   

“Би өөрийнхөө хүүхдэд хэрхэн тэжээллэг, чанартай хоол бэлтгэх талаар суралцаж байна. Бас сайхан амттай болжээ” хэмээн Эрдэнбат баяртайгаар өгүүлэв. “Сургалтын үеэр бид сургагч багшийг ажиглаад зогсохгүй, өөрсдөө хоол бие даан хийж байна. Тиймээс уг хоол хүнсийг гэртээ бэлтгэхэд улам хялбар боллоо. Бас миний охин өөрт нь зориулж, тусгайлан бэлтгэсэн хоолыг амтархан иднэ гэдэг ч тун сайхан хэрэг шүү дээ. Нийт гэрийнхэнд бэлтгэсэн хоолноос илүү чанарлаг хоол идэх нь түүнд ч бас сайн ” хэмээн нэмж өгүүлэв.

Лхагвадорж 33 настай, бас энэ сургалтын нэгэн оролцогч юм. Тэрээр мөн арав болон зургаан настай, долоон сартай гурван хүүхдийн гол асрагч болжээ. “Би ихэвчлэн манай бага, жаахан охиндоо л хоол хийж өгдөг. Өдөр бүр хоёроос гурван удаа хоол хийнэ. Охин маань миний хийсэн хоолонд, ялангуяа жигнэсэн төмс, элэг болон агшаасан будааны зутан шөлөнд маш дуртай, тиймээс тэр эрүүл, хэвийн өсөлттэй. Бас их жаргалтай байгаа” хэмээн тэр өөрийн туршлагаасаа ярьсан юм.     
Яагаад аавуудыг онцлох болов?

Аавуудын сургалт дууслаа 
© НҮБХСМонгол/2014/ Магвандоржийн Бямбарагчаа

НҮБ-ын Хүүхдийн Сангийн хоол тэжээлийн сургалт 2013 оны 11 дүгээр сараас эхэлсэн юм. Хөтөлбөрийн анхны зорилтот бүлэг эхчүүд байсан бөгөөд мэргэжилтнүүдийн зүгээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр нялх хүүхэдтэй аавууд олонтоо ирдгийг онцлон хэлжээ.

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Гэрэлмаа “бид судалгаа хийж үзэхэд нийт бага насны хүүхдүүдийн 20 гаруй хувийг эцэг нь харж асардаг болох нь тогтоогдсон. Тиймээс эцгүүдэд зориулан уг сургалтыг зохион байгуулахаар болсон” хэмээн тайлбарлалаа. Одоогийн байдлаар аавуудад зориулсан таван удаагийн сургалтад нийт 50 илүү эцэг, мөн зарим өвөө нар оролцсон байна.

Эцгүүдэд зориулагдсан сургалтын үеэр зургаагаас дээш сартай хүүхдэд ямар төрлийн хоол тохиромжтой болох, тэдгээрийн хэрхэн боловсруулж хийх, мөн нэмэлт хоол тэжээлийн бодисоор хэрхэн баяжуулж ашиглах талаар заан сургадаг байна. Хоол хэрхэн бэлтгэж чаддаг болсны дараагаар бусдадаа өөрийн аргаас хуваалцаж, бусдыг сургаж эхэлдэг байна.

“Бага насны хүүхдүүдэд хоол тэжээл маш чухал байдаг. Ялангуяа хоёроос доош насны хүүхдүүд өдөр бүр олон сонголт бүхий эрүүл, тэжээллэг хоол идэх нь тэдний бие махбодийн болоод оюун ухааны хөгжилд чухал нөлөөтэй. Энэ төрлийн сургалтууд нь Монголын хүүхэд багачууд эрүүл өсөж, бойжиход тусалж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Хоол тэжээлийн мэргэжилтэн Лувсанжамбын Мөнхжаргал хэлсэн билээ.

Хөтөлбөр үргэлжилнэ

Нэгэн аав бичил тэжээлийн холимогоор баяжуулсан хоол хүүхдэдээ бэлтгэж байна. 
© НҮБХСМонгол/2014/ Магвандоржийн Бямбарагчаа

Ийнхүү амжилттай хэрэгжиж буй хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд орон нутгийн засаг захиргаа дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тиймээс эдгээр аав нарт баярлалл гэж хэлэх ёстой. Тэд өөрийн түүхээс хуваалцаж, өөрийн гэр бүлдээ сайн үр нөлөө авчирсан учраас орон нутгийн удирдлагуудыг итгүүлэн үнэмшүүлж чадсан юм.

Уг сургалтын тухай дахин нэг сайн мэдээ ирлээ. Тариалан сумын эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Хөвсгөл аймаг даяар явж, уг сургалтыг зохион байгуулж, үр дүнгээ хуваалцаж байна. “Биднээс илүү алслагдсан орон нутгийн эцэг эхэд энэ сургалтаа хүргэж, өөрсдийн амжилтаа илүү өргөжүүлэх төлөвлөгөөтэй” хэмээн Тариалан сумын эрүүл мэндийн төвийн ажилтан Эрдэнэчимэг бахархалтайгаар өгүүлсэн юм.

Зохиогч
Магвандоржийн Бямбарагчаа,  НҮБХС-ийн Мэдлэгийн менежментийн асуудал хариуцсан хөтөлбөрийн ахлах ажилтан, 

1 comment:

  1. Your father is very conscious about health. Thanks to your father for told tips. We are giving Window Cleaning Services in Fort Worth TX. You can get this service when you will need.

    ReplyDelete