Давхар гэрийнхээ гадаа цаасан онгоцоор тоглож байгаа нь
©UNICEF
Mongolia/2014/Andy Brown
|
Давхар хүү гэрийнхээ гадаа хөмсгөө атируулан ихэд
анхааралтай сууж байлаа. Тэр хурдан шалмаг хөдөлгөөнөөр цаас нугалан цаасан
онгоц хийж байна. Тэрээр хийж дуусмагц цаасан онгоцоо хөөргөн нисгэлээ. Онгоц
хэдхэн хором нисээд эргэн газардлаа. Хэд хэдэн удаа оролдсоны дараа тэр газарт
явган суугаад онгоцоо дахин засаж эхэллээ. Харин дахин хийсэн оролдлогоор
түүний онгоц бүр хол нисэж чадлаа.
Давхар хүү долоохон настай боловч амьдралынхаа ихэнх
хугацаанд хөгжлийн бэрхшээлийг өөр дээрээ мэдэрч буй билээ. Тэднийх Улаанбаатар
хотоос зүүн тийш 36 километрийн зайтай Налайх дүүрэгт аав, ээж болон эгч
Цээнямын хамт Монгол гэрт амьдардаг. Давхарын аав Баярсайхан улирлын чанартай, өвөл
ажилладаг уурхайд нүүрс гаргах ажил хийдэг, эх Оюун нь оёдлын үйлдвэрт
ажилладаг. Давхар хүүг жаахан байхад нь түүний сууж явсан машин авто замын
осолд орж, онхолдох үед тэрээр машины цонхоор шидэгдсэн гэдэг. Энэ талаар аав
Баярсайхан нь “үүний дараа би хүүгээ тэврээд эмнэлэг рүү гүйж байсан. Тэр үед
би ухаанаа алдсан бөгөөд өөрөө ч хүнд гэмтсэн байснаа хожим нь мэдсэн” хэмээн
тухайн ослын талаар дурсан ярьсан юм.
Ослын улмаас Давхар хүү хэдэн сарын турш эмнэлэгт хэвтжээ.
Түүний нурууны хүнд гэмтлийг эдгээхийн тулд нурууг нь дэмжих метал тулгуур
суулгах хүнд мэс засал хийсэн байна. Бас түүний гавлын яс цөмөрсөн хүнд гэмтэл
толгойд нь илэрсэн ч азтай нь тархины үйл ажиллагаанд нь нөлөөлөөгүй байна.
Гэвч эдгээр гэмтэл бэртэл түүнд маш хүндээр нөлөөлсөөр байна. Давхар хүү үе үе
саажилтад өртдөг бөгөөд биеийн нэг тал нь нөгөө талаасаа харьцангуй сул
хөгжилтэй болжээ. Тэр амархан ядардаг, заримдаа алхаж явахад ч хүнд байдаг
байна. Мөн нурууны тулгуурыг солих, мөн өсөж томрохын хирээр түүний гавлын ясны
цөмөрхийг засах мэс ажилбар хийх шаардлагатай болов.
Боловсролд
хамрагдсан нь
Давхар “Голомт” бага сургуульд сурдаг
|
Өнгөрсөн жилээс эхлэн Давхар хүү сургуульд суралцлаа. Хөгжлийн
бэрхшээлтэй бусад хүүхдүүд ихэвчлэн тусгай сургуульд суралцдаг бол тэрээр дүүргийнхээ
Голомт бага сургуульд элсэн орлоо. “Маш их зүйл сурч байгаа болохоор
сургуульдаа явах дуртай, би тооны хичээлдээ хамгийн дуртай. Манай багшийг
Бямбасүрэн гэдэг, маш гоё зантай, бидэнд их зүйлийг заадаг” хэмээн тэрээр сургуулийнхаа
тухай өгүүлэв. Давхарын аав Баярсайхан “хүүгээ анх сургуульд ороход их санаа
зовж байсан. Ялангуяа бусад хүүхдүүд түүний тархи толгой руу цохиж дахин
гэмтээх вий гэж зовниж байсан ч харин тийм зүйл болоогүй ээ” хэмээн
тайлбарлалаа. Мөн анх сургуульд ороход нь бусад хүүхдүүд түүний толгойны талаар
их асууж, харахыг хүсдэг байсан бол одоо больсон гэдгийг өгүүллээ.
Хичээлдээ явахдаа Давхар хүү аз жаргалтай, сэтгэл амар
байдаг. Ангийнхаа найзуудтайгаа хөгжилтэй зүйлс ярьж, инээж хөхрөлдөх нь сайхан
шүү дээ. Багш нь хичээлийн талаар заавар өгөхөд нь түүний үгийг дагаж, сурж
мэдэхэд шамддаг байна. Түүний ангийн багш Бямбасүрэн хичээл анх эхлэхэд Давхар
хүүгийн толгойг ангийнханд нь үзүүлж, яагаад хөгжлийн бэрхшээлтэй болсныг нь
тайлбарлажээ. Энэ талаараа тэрээр “Би ангийнхныг нь түүнтэй болгоомжтой
харилцахыг, мөн бусад хүүхдүүд дээрэлхэхээс хамгаалж, туслахыг сануулсан шүү”
хэмээгээд “Давхар бол ухаалаг, бас их хичээл зүтгэлтэй, мөн олон найзуудтай
болсон” хэмээн нэмж хэллээ.
Гантуяа дүүргийн Хүүхэд, гэр бүлийн төвийн хөгжлийн
бэрхшээл хариуцсан мэргэжилтэн юм. Түүний хэлснээр Налайх дүүргийн хөгжлийн
бэрхшээлтэй бүх хүүхдүүд сургуульд суралцаж чаддаггүй ажээ. Гэвч хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдүүд бүгд л сургуульд сурахыг хүсдэг байна. Гэвч сургуулийн
байшин барилгууд хөгжлийн бэрхшээлтэй хүнд тохиромжгүй, багш нар ч мөн тусгай
хэрэгцээт хүүхдэд хэрхэн заан сургах талаарх чадвар муу, мөн алс хол амьдардаг
хүүхдүүд сургуульдаа ирж чаддаггүй зэрэг бэрхшээлүүд байдгийг хэллээ.
Мөн хөгжлийн бэрхшээлгүй, хэвийн хөгжилтэй хүүхдийн эцэг
эх ялгаварлан хандах явдал гардаг. Тэр бүү хэл хүүхдүүдээ “хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдтэй тогловол тэдэнтэй адил болно” хэмээн хэлсэн тохиолдол ч гаржээ.
Ийнхүү эцэг эх нь ингэж боддог бол хүүхдүүд нь мөн тийнхүү хандах болно гэдэгт
тэрээр эмзэглэж явдаг байна. Тиймээс Гантуяагийн хэлснээр эцэг эхчүүдэд энэ
төрлийн хэвшмэл ойлголтыг арилгахад чиглэсэн сургалт зохион байгуулбал олон
нийтэд зөв ойлголт хандлага тогтоно.
Мэргэжилтэн Гантуяа “11 настай Төгөлдөр хүү бол бидний
сайн жишээний нэг юм. Тэр хэдийгээр тэргэнцэрт суудаг ч маш авъяаслаг, сайн
дуучин юм. Сургалтад хамрагдахаас өмнө хүүхдүүд аав, ээжийгээ дуурайн түүнийг үл
тоодог байсан. Сургалтад түүний ангийн хүүхдүүдийн эцэг эх оролцсоноос хойш
тэдний хандлага эрс өөрчлөгдсөн билээ. Нэгэн ээж Төгөлдөр хүүг хөгжимд дуртайг
мэдээд гэртээ урьжээ. Тэрээр буруу бодолтой байснаа мэдэж, хүүхдээ түүнтэй хамт
тоглож, сургууль дээрээ туслаж, үргэлж хамт байхыг хэлсэн юм” хэмээн нэгэн
сонирхолтой түүх ярилаа.
Урт зам хүлээж байна.
Давхар ээж Оюун, аав Баярсайхан, эгч Цээням болон Налайх
дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Гантуяа нарын хамт
|
Давхар, Төгөлдөр нар азтай хэдий ч Монгол Улсын хөгжлийн
бэрхшээлтэй бүх хүүхдүүд сургуульд суралцах адил тэгш боломж бүрдээгүй байна. “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй нийт
хүүхдийн тэн хагас хүрэхгүй хувь нь л сургуульд суралцаж байна. Энэ нь тэдгээр
хүүхдүүд сайн ажил эрхлэх, нийгэм, эдийн засгийн хэрэгцээг хангах, нийгмийн үйл
хэрэгт оролцох зэрэг боловсрол эзэмшсэнээр насан туршид бий болох боломж,
бололцоог эдэлж чадахгүйд хүрнэ” хэмээн НҮБХС-ийн Боловсролын хөтөлбөрийн
мэргэжилтэн Борын Болорчимэг өгүүллээ. Бүх хүүхдүүд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч өөрийн
хөгжлийн бүх бололцоог нээн эдлэх ёстойг тэрээр нэмж өгүүлсэн юм.
Сурч боловсрох нь үнэхээр үр дүнтэй тул чанартай, тэгш
хамруулсан боловсролыг хөгжлийн бэрхшээлтэй гэлтгүй хүүхэд бүрт хүргэхийн төлөө
НҮБХС нь үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл
хамааран хүүхэд бүр боловсролд тэгш хамрагдах нь чанартай боловсрол олгох
үйлсэд хамгийн чухал болно. Энэ нөхцөл шударга бус байдлыг бууруулж, харилцан
ойлголцлыг нэмэгдүүлж, тэгш хамруулсан нийгмийг хөгжүүлэх болно хэмээн
мэргэжилтэн Б.Болорчимэг онцолж байсан юм.
Одоо Давхар хүү Голомт бага сургуулийнхаа хоёрдугаар
ангид суралцаж байна. Тэр хичээлдээ хоцролгүй очихын тулд өглөө эртлэн босдог,
бусдаас хоцрохыг хүсдэггүйг ээж Оюун нь хэлсэн юм. Давхар хүү эмч болохыг
хүсдэг бөгөөд аливаа зөв дэмжлэг бүхэн түүний мөрөөдөл бодит үйл хэрэг болоход
туслах болно.
Зохиогч
Зетти Брейк, НҮБХС-ийн Мэдээлэл,
гадаад харилцааны мэргэжилтэн
No comments:
Post a Comment