09 February 2015

Шуурга хөлөглөгч: Монгол Улсад морь унаач хүүхдийг хамгаалах нь

Морин уралдааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон, 15 настай Будгарав хүү 
© НҮБХСМонгол/2014/Зетти Брейк 
Нийслэл Улаанбаатарын хурдан морины төвлөрөл болох Өлзийт хорооны нэгэн гэрт 15 настай морь унаач хүү Будгарав таягаа тулан босож, бейсболын малгайгаа засан өмслөө. Одоогоос дөрвөн жилийн өмнө сунгаа хийх үеэр тэрээр мориноосоо унаж, моринд гишгүүлсний улмаас үүдэн шүднүүд нь унаж, хоёр хөл нь хугарчээ. “Тэр үед аймшигтай их өвдөж билээ” гэж хүү ярив.

Тухайн үед Будгарав хүү ямар нэгэн хамгааллын хэрэгсэл өмсөөгүй, даатгалд хамрагдаагүй байв. Тэр бүү хэл уяач нь хүүгийн гэмтлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэхийг хүсээгүй бөгөөд эмнэлэгт ч хандаагүй байна. Тэр хүүгийн хөлийг тэмээний ноосоор чиг барин боож, бусад хүнд хэлэхгүй байхыг түүнд анхааруулжээ. Гэвч сарын дараа гэхэд түүний хөл үрэвсэж, өвчин нь улам хүндэрчээ.

Хөл нь гэмтэж, суга таягтай явж байгаа ч Будгарав хүү цовоо, сэргэлэн хэвээрээ. Тэр үргэлж л инээмсэглэнэ. Гэхдээ тэр гэрээсээ ч гарж чадахгүй тул сургууль завсардахад хүрчээ. Тэр энэ тухайгаа “Хааяа би гэрээсээ гардаг ч ихэнхдээ гэртээ суугаад л телевиз үзэх болсон. Хэрвээ миний бие сайжирвал би ирэх жил сургуульдаа явмаар байна” гэж хэлсэн юм.

Түүний 13 настай дүү Мөнх-Эрдэнэ ч бас хурдан морь унаач. Өвлийн уралдааны үед морь нь халтирсаны улмаас тэр мориноосоо унажээ. Мөнх-Эрдэнэ хамгаалалтын малгай өмсөөгүй байсан тул толгойгоороо газар мөргөн унаж, гавлын ясанд нь гэмтэл учирсан байна. Хүү ахыгаа бодвол дуу цөөтэй ч морин уралдаанд дуртай хэвээрээ гэдгээ хэлээд авав. Мөнх-Эрдэнэ хүү морь зурж, морины тухай дуу сонсож, том болоод хурдан морь уяач болохыг хүсдэг гэнэ.

Мөнх-Эрдэнэ хүүгийн гэмтэл арай хөнгөн тул тэрээр морь унаж чадна. Гэвч дахин толгойдоо гэмтэл авбал үхлийн аюулд хүргэх тухай эмч нар түүнд анхааруулжээ. Хэдийгээр эцэг, эх нь хориглодог боловч уяачид түүнийг хурдан морь унахыг ятгадаг гэнэ. Энэ жил тэр өөр хүүхдийн нэр дээр мөн л хамгаалалтын дуулгагүйгээр морь унасан байна. Үүнийг мэдсэн эцэг эх нь түүнийг хурдан мориноос хол байлгахын тулд хөдөө байдаг хамаатных руугаа явуулахад хүрчээ.

Энэ жилийн наадмаар хүүхдүүд дуулга өмсөж, хамгааллын хэрэгслүүд зүүсэн байна.
©НҮБХСМонгол/2014/Энди Браун

Соёл уламжлал  

Хурдан морины уралдаан нь олон зуун жилийн уламжлалтай Монголчуудын соёлын нэгээхэн хэсэг. Жил бүрийн зун Монголчууд тусгаар тогтнолоо тэмдэглэн Наадам зохион байгуулдаг уламжлалтай. Эрийн гурван наадам буюу хурдан морь, хүчит бөх, сурын харваа нь наадмын гол утга учир юм.

Хурдан морины уралдаан нь Монголчуудын түүх, соёлд чухал байр суурь эзэлдэг. "Хурдан морьд, хүчит бөхчүүдтэйн улмаас Монгол Улс оршин тогтнодог. Миний хувьд хүүхэд хурдан морь унахыг эсэргүүцдэггүй, гэхдээ морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүрэг хариуцлагаа бас мэддэг” хэмээн Монголын морин спорт, уяачдын холбооны гишүүн Чулуунбатын Сарангэрэл ярилаа.

Хурдан морины уралдаан нь эртний хэлбэр, төрхөөсөө ихээхэн өөрчлөгдөж, одоогоор илүү арилжааны шинжтэй болоод байна. Хэдэн зуун морьд, унаач хүүхэд нэгэн зэрэг уралдах бөгөөд хэнийн хурдан хүлэг түрүүлэх дээр хүмүүс бооцоо тавьдаг. Спортын бусад төрлийн хувьд насанд хүрсэн тамирчид оролцдог бол морь унаачдын хувьд хөнгөн жинтэй байхын тулд хүүхдүүд оролцдог. Тэр бүү хэл зарим уяач хурдан морьдыг шулуун замдаа орсон үед мориноос унахыг хүүхдүүдэд захидаг гэнэ. Ингэснээр морь илүү хурдлан давхих боломжтой болдог. Гэвч олон морьд зэрэгцэн хурдалж буй үед тэдний хөлд гишгүүлэх эрсдэл их байдаг. Наадмаас гадна баян чинээлэг хүмүүс аливаа баяр ёслолоо тэмдэглэхийн тулд өвлийн цагт ч морин уралдаан зохион байгуулдаг ажээ. Гэвч өвөл цагт хальтиргаатай тул илүү аюул эрсдэл дагуулдаг. Ийм төрлийн уралдаануудад тав орчим насны хүүхдүүд уралдах бөгөөд хамгааллын хэрэгсэл бараг байдаггүй. Тэдгээр хүүхдүүдийг даатгалд хамруулах боловч энэ уралдаан цэнгээний гол “одод” болох морьдтой харьцуулахад хамаагүй багаар үнэлдэг байна.

Будгаравын гэр бүл амьдардаг Өлзийт хороо нь наадмын морин уралдааны гол бэлтгэлийн газар юм. Энд амьдарч сурдаг хүүхдүүд бараг бүгдээрээ хурдан морь унадаг. Тиймээс сургууль хүртэл морин уралдааны байгууллагуудтай холбоотой болж заримдаа сар хүртэл хугацаагаар хичээлийг нь тасалдуулдаг. Ингэхдээ эцэг эхийн зөвшөөрлийг авдаггүй бөгөөд морь унаж чаддаггүй хүүхдүүдийг гэрт нь байлгадаг байна.

Будгаравын аав Отгонбаатар нь улирлын чанартай ажил хийдэг тул морин уралдаан тэдний гэр бүлийн орлого олох гол эх үүсвэр болдог. Одоо тэдний гэр бүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн мөнгө, мөн хүнсний талоноор амьдарч байна. Морь уяачид тэдний гэр бүлд гэмтсэн хүүхэд болгонд нь 200 000 төгрөг өгчээ. “Амьдрал маш хэцүү байна. Бидний амьдралд мөнгө огт хүрэлцэхгүй байна” хэмээн Отгонбаатар харамсан өгүүлсэн юм.

Хурдан морь унаач Мөнх-Эрдэнэ /зүүн гараас/, Будгарав /голд/ нар гэртээ 
©НҮБХСМонгол/2014/Энди Браун

Өөрчлөлтийг эхлүүлэх нь

Баяр наадмын тухай хуулиар долоогоос доош настай хүүхэд хурдан морь унахгүй, морь унаач хүүхдүүд бүгд даатгуулсан, хамгаалах хэрэгслүүдтэй байх ёстой. Гэвч энэ хууль зөвхөн төрийн баяр наадмын үйл ажиллагаанд хамаатай бөгөөд хурим, үсний найр зэргийг тэмдэглэж буй бусад орон нутгийн жижиг уралдаанд үйлчлэхгүй байна. НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсад зохион байгуулагдаж буй бүх морин уралдаанд уг хууль үйлчлэх ёстой гэж үздэг. "Бидний хувьд хаврын морин уралдааныг хориглох, мөн хурдан морь унаач хүүхдийн насыг олон улсын стандарт болох 12 насанд нийцүүлэхийн тулд дор хаяж 9 нас болгон өөрчлөх саналтай байна. Монголчуудын түүх уламжлалыг хүндэтгэх нь зүй ёсны хэрэг, гэхдээ хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, тэдэнд гэм хор учруулахаас сэргийлэхийн тулд илүү хүчтэй байх ёстой" хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа ярьж байна.  

“Нөхцөл байдал харьцангуй сайжирч байна. Сүүлийн жилүүдэд Хүүхдийн төлөө үндэсний газар Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран уралдааны үеийн хүүхдийн амь нас, аюулгүй байдал, даатгалын асуудлаар хяналт шалгалт зохион байгуулж байна. Энэ жил улсын баяр наадмын хурдан морины уралдаанд 1700 гаруй хүүхэд оролцсон. Өнгөрсөн жилийн наадмаар 63 хүүхэд бэртэж, 6 хүүхэд эндэж байсан бол энэ жил хүүхэд эндээгүй бөгөөд зөвхөн 2 хүүхэд хөнгөн бэртжээ. Тиймээс ахиц дэвшил гарч байгааг харж болно” хэмээн мэргэжилтэн Д.Амараа цохон тэмдэглэв.

Отгонбаатар наадмыг баярлан тэмдэглэдэг боловч морин уралдааны тухай түүний бодол өөрчлөгджээ. “Морин уралдааны тухай миний бодол өөр болсон. Уламжлал бүхэлдээ алдагдаж том бизнес болжээ. Бид 2 эрүүл хүүтэй байсан бол одоо хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй боллоо. Магадгүй Мөнх-Эрдэнэ хүү маань хамгааллын малгайтай байсан бол эрүүл байх байсан даа” хэмээн Отгонбаатар ярьж байна.

Өлзийт хорооны орчимд шинэ морин тойруулга баригдаж байна. Үүний дэргэд чинээлэг морины эздийн мөнгөөр маш том хэмжээний морины хөшөө босож байна. Тэрхүү хөшөө нь уул, талыг холбосон, дэл сүүлээ сэгсэрсэн өвөрмөц морины дүрслэлтэй ажээ. Хамгийн гайхалтай нь морин тойруулгын дэргэдэх уг хөшөө нь морь унаач хүүхэдгүй ажээ. Иймд  морь унаач хүүхдүүдийн асуудлыг олон нийтэд илүү ойлгуулахын тулд их зүйл хийх шаардлагатай байгаа нь харагдаж байна.   

Өлзийт хорооны шинэ морин тойруулгад баригдаж буй морины хөшөө 
©НҮБХСМонгол/2014/Энди Браун

Зохиогч:

Энди Браун, НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн Мэдээлэл харилцааны мэргэжилтэн   

1 comment: