08 April 2015

"Миний гэр бүл хөтөлбөр": Налайх дүүргийн амжилт


10 настай Ганцэцэг охин 
© НҮБХСМонгол/2015/Зетти Брейк 
Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг Налайхад 2014 оны хоёрдахь хагасаас “Миний гэр бүл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хөтөлбөр нь 10-14 насны хүүхдүүдэд амьдрах ухааны болон харилцааны чадварт сургаж, эерэг зан үйл төлөвшүүлэхэд нь туслах зорилготой. Ийм зорилготой олон тооны хөтөлбөр байдаг ч “Миний гэр бүл” нь гэр бүлийн бүх гишүүдийн оролцоог дэмждэг онцлогтой.

Ганцэцэг охиныг 5-р ангид суралцаж байхад нь багш нь “Миний гэр бүл” хөтөлбөрт хамруулжээ. Ганцэцэг гэр бүлийнхэнтэйгээ уг хөтөлбөрийн 31 зорилтыг хэрэгжүүлсэн байна. Үүнд: гэр бүлийнхээ удам судрыг мэдэх, цагаа заваа зөв хуваарилах болон хоол хүнс, эрүүл мэнд, өрхийн төсөв зэрэг олон асуудлууд багтжээ.

“Миний гэр бүл” хөтөлбөрт би үнэхээр дуртай. Бүх даалгаврууд нь бидэнд хэрэгтэй бас хөгжилтэй байсан. Ялангуяа ердөө 5 минутад багтаан өөрийн хийж чадах зүйлээ гүйцэтгэдэг “5 минутын сорил” нь миний хамгийн дуртай даалгавар байсан” гэж Ганцэцэг охин бахархалтайгаар ярьж байна.10 настай Ганцэцэг ээж Цэрмаа (нас 31), аав Ганбат (нас 33), дүү охин Эрдэнэцэцэг нарын хамт гэрт амьдардаг. Тэр том болоод эмч, эсвэл дуучин болохыг хүсдэг гэнэ.

“Миний гэр бүл” хөтөлбөрт хамрагдаж эхэлснээс хойш манай охин их өөрчлөгдөж байна” гэж ээж Цэрмаа ярьж байна. “Миний охин маш их зүйлийг сурч  байгаа. Жишээ нь, ус буцалгасан бол түүнийг шалан дээр тавьж болохгүй гээд дүү Эрдэнэцэцэгийнхээ хүрч чадахгүй өндөр газар тавьдаг болсон. Мөн манайхан өмнө нь Ганцэцэгтэй ерөөсөө ярилцдаггүй байсан байна лээ. Ялангуяа тэр юунд санаа зовж явдаг, юу хэлэхийг хүсэж байгааг бид огт ойшоодоггүй байсан. Одоо харин түүнийг сонсож, хамт ярилцах дуртай болсон. Энэ бүгд бол манай гэр бүлд гарсан маш том өөрчлөлт” хэмээн түүний ээж нэмж тайлбарлалаа.


Байгальмаа охин гэртээ 
© НҮБХСМонгол/2015/Зетти Брейк 
Байгалмаа охин 14 настай бөгөөд ээж Мөнхбаяр (нас 40), Чинбаатар (нас 45), охин дүү Оюумаа нарын хамт Налайх дүүрэгт 2 өрөө орон сууцанд амьдардаг. Тэдний гэр бүл мөн хамтдаа илүү ойр дотно байхын тулд энэ хөтөлбөрт Ганцэцэгийн адилаар хамрагдсан юм. Энэ хөтөлбөрт хамрагдахаас өмнө Байгалмаа үдээс хойш болон оройн цагаар компьютер дээр сууж, гэр бүлийнхэнтэйгээ төдийлөн харилцдаггүй байв. Харин хөтөлбөрт оролцсоноор байдал өөрчлөгджээ. “Хөтөлбөр хэрэгжих явцад бид хамтдаа ажиллах ёстой тул охин маань компьютер дээр суулгүйгээр хамтран ажилладаг. Энэ хөтөлбөрийн үеэр манай гэр бүлийнхэн хоорондоо их ярилцаж, саналаа солилцсон. Өмнө нь манай гэр бүл нам гүм байдаг байсан бол одоо хөтөлбөр дууссан ч бүх асуудлаа хоорондоо ярилцдаг хэвээрээ байгаа” гэж өрхийн тэргүүн Чинбаатар ярив.  

“Би аав, ээжтэйгээ болон охин дүүтэйгээ хэрхэн ойр дотно, нээлттэй харилцах арга ухаанаа мэдэж авсан. Бид одоо бие биендээ маш их анхаарч байгаа. Манай аав, ээж намайг маш их сонсож, би ч тэдэнтэй илүү сайн харилцахыг хичээж байна” гэж Байгалмаа нэмж хэлсэн юм.

Хөтөлбөрийн тухай

    Ганцэцэг охин ээжтэйгээ  
© НҮБХСМонгол/2015/Зетти Брейк
Уг хөтөлбөр нь 10-14 насны өсвөр насны хүүхдүүд тодорхой практик даалгавруудыг гэр бүлийн гишүүдийн хамт гүйцэтгэх замаар амьдрах ухааны чадвар эзэмшүүлэхийг зорьж байна. Хүүхдийн төлөө үндэсний газар болон НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэмжлэгтэйгээр Налайх дүүргийн сургуулиудад хэрэгжиж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаярын хэлснээр, тухайн хөтөлбөрийн дэвшүүлсэн гол зорилго нь зорилтот насны бүх хүүхдэд хүрэх явдал гэнэ. “Тухайлбал, сургуулиас завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй гээд бүх хүүхдийг хөтөлбөрт хамруулахын тулд бид багагүй ажил хийж байгаа. Бид айл өрхөөр явж, хөтөлбөр номоо танилцуулж уг хөтөлбөрт оролцсоноор ямар үр дүнд хүрэх тухай тайлбарладаг” гэв.

Тухайн хөтөлбөрийн зорилтот насны хүүхдүүдийн 93 хувьд хүрч чадсан нь бахархууштай хэрэг гэдгийг Б.Наранбаяр дарга онцлов. Уг хөтөлбөр нь хүүхэд, гэр бүл хамтдаа өөрийн орон нутагтаа эерэг өөрчлөлт авчирч буй нь хамгийн чухал зүйл юм.
Хөтөлбөр хэрэгжсэний дараа үүний хүрээнд бид ихээхэн зүйлийг хэрэгжүүлж чадсаныг харсан. Хүүхэд болон эцэг эхчүүдийн хоорондын харилцаа илүү сайжирч, хамтдаа их цаг хугацааг өнгөрөөж,  хүүхдийнхээ хийж байгаа зүйлд эцэг, эхчүүд оролцох болсныг Б.Наранбаяр дарга онцолсон юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Өсвөр үеийн хөтөлбөрийн мэргэжилтэн Д.Болорчимэг “Миний гэр бүл хөтөлбөр нь өсвөр насныханыг бүтээлч иргэн болж төлөвшихөд зайлшгүй шаардлагатай ур чадваруудад сургадаг” хэмээн онцлон хэлсэн юм. Өсвөр үеийнхэн бол нийгмийн чухал гишүүд бөгөөд уг хөтөлбөр нь тэднийг гэр бүл, сургууль болон орон нутгийн үйл ажиллагаанд оролцох боломжийг бүрдүүлж өгч байна.

Дараагийн алхам

Байгальмаа Налайх дүүрэгт гэрийнхний хамт
© НҮБХСМонгол/2015/Зетти Брейк 
Уг хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа тул Налайх дүүргийнхэн 2015 онд  үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Ялангуяа уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрхэн дэлгэрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон сургуулиас завсардсан зэрэг эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн даалгаврууд боловсруулах зэргээр хэрхэн сайжруулах тухай олон тооны санал хэлэлцүүлэг өрнөж байна. Мөн 15-17 насны өсвөр үеийнхнийг гол зорилтот бүлэг болгож тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр шаардлагатай байгааг Б.Наранбаяр хэлж байна. Үүний тулд,  сургуулиас завсардсан болон гэмт хэрэгт холбогдсон эмзэг бүлгийн хүүхэд, өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Эцэст нь “Бид тэднийг хүн болон төлөвшихөд нь зөв чиглүүлж, шаардлагатай мэдлэг чадварт суралцах, мөн эрсдэл бүхий зан үйлээс татгалзахад нь туслах ёстой” хэмээн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр онцолж байна. Шийдвэр ямар байхаас үл хамааран, Ганцэцэг, Байгалмаа нар хоёул уг хөтөлбөрт дахин хамрагдахдаа дуртай байгаагаа хэлсэн юм.

Зохиогч
Зетти Брейк, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн   

No comments:

Post a Comment