20 April 2015

Боловсролыг бүх хүүхдэд хүртээмжтэй болгох нь

Анхбаяр хүү ангийнхаа самбар дээр бичиж байна 
© НҮБХСМонгол/2015/Зетти Брейк
Өвлийн нэгэн хүйтэн өдөр нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 40 км зайд орших Налайх дүүргийн нэгэн сургуульд Адууч, Ганцэцэг нар хоёр бага хүүхдээ хүргэж  өглөө. 8 настай Анхбаяр дүүргийн Албан бус, насан туршийн боловсролын төвд суралцдаг бол түүний охин дүү 7 настай Сарангоо нэг байшинд зэрэгцэн орших ерөнхий боловсролын бага сургуульд суралцдаг юм.

“Би сургуульдаа явах маш дуртай. Бичиж бас олон зүйл сурдаг. Манай ангийнхан бас манай багш бүгд надад сайн ханддаг” хэмээн Анхбаяр ярив. Тэр том болоод дуу хөгжмийн багш болохыг хүсдэг. Анхбаяр хүү дутуу төрсөн бөгөөд төрөх үед биеийн жин нь нэг килограмм ч хүрэхгүй байжээ. Ингээд хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас тэргэнцэр дээр суудаг болсон ч тэр ухаалаг, авхаалжтай хүү.

Тэднийх машингүй бас дээрээс нь гэр, сургуулийн хооронд нийтийн тээвэр үйлчилдэггүй тул албан бус боловсролын төв хүртэл 45 минут алхдаг. Хэдий гэрийнх нь ойролцоо сургууль байх боловч Анхбаярын хөгжлийн бэрхшээл их хүнд тул энгийн сургуульд суралцах боломжгүй гэжээ.

Анх Анхбаярыг цэцэрлэгт оруулахад хүртэл үүнтэй адил бэрхшээл тулгарч байжээ. Ээж Ганцэцэгийн хэлснээр хэд хэдэн цэцэрлэгт хүүхдээ оруулах гэхэд “танай хүүд их асаргаа хэрэгтэй тул бид авах боломжгүй” гэжээ. Тэр ч бүү хэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай цэцэрлэгт хандахад ч тус цэцэрлэгт наад зах нь бие даан явж чаддаг хүүхдүүдийг хамруулдаг тул тэргэнцэртэй хүүхдийг авах боломжгүй гэжээ.

Анхбаярын одоогийн суралцаж буй албан бус боловсролын төвийн тухай мэдэх хүртэл тэдний гэр бүлийнхний хувьд түүнийг Улаанбаатар хотод дотуур байртай тусгай сургуульд явуулж Анхбаяр гэртээ зөвхөн амралтын өдрүүдэд л ирдэг байх эсвэл хүүгээ огт сургуульд явуулахгүй, гэрт нь байлгах  гэсэн хоёрхон л сонголт байв.

Ингээд тэд өнгөрсөн жилийн 9 дүгээр сард энэ төвийн тухай мэджээ. “Манай Налайх дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг суралцуулдаг сургууль байна гэж бид огт бодоогүй. Харин энэ төвд 5 жилийн турш ажиллаж байгаа багш Нарантуяа манай гэрт ирж төвийнхөө тухай танилцуулж, Анхбаярыг төвд суралцуулахыг зөвлөсөн юм” гэж ээж Ганцэцэг ярив.

Нарантуяа багшийн энэ удаагийн айлчлал нь сургуулийн гадна буй үндэсний цөөнх, ядуу өрхийн болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг эмзэг бүлгийн хүүхдүүдийг илрүүлэх, тэдэнд хүрч үйлчлэх зорилго бүхий дүүргийн албан бус боловсролын төвөөс тогтмол зохион байгуулдаг ажлын нэг байв.

Энэ үеэр төвийн ажилтнууд эцэг, эхчүүдтэй уулзаж, хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байгаа шалтгааныг асууж мэдэн, сургуульд суралцуулахын ач холбогдлыг тайлбарлаж, албан бус боловсролын төв нь ялгаварлал гадуурхалгүй орчинд хүүхэд бүрийг дэмжин ажилладагийг танилцуулдаг байна.

Багш гэрт нь ирсний дараа Адууч, Ганцэцэг хоёр Анхбаяр хүүгээ дагуулан албан бус боловсролын төв дээр очжээ. Тэд төв дээр ирээд ихэд гайхаж биширснээ өгүүлсэн юм. “Манай Налайхын олонх байшин тэргэнцэртэй хүн орж гарахад төвөгтэй байдаг учраас хүүгээ яаж өргөж оруулна даа гэж бодож байсан. Гэтэл энэ төв дээр ирэхэд зориулалтын тэргэнцэрийн замтай, бас ариун цэврийн  өрөө нь ч манай хүүд тохирохоор тусгайлан зассан байсан” хэмээн Адууч өгүүлэв.

Засвар, шинэчлэл

Анхбаяр хүү багш Нарантуяагийн хамт
© НҮБХСМонгол/2015/Зетти Брейк 

Саяхныг хүртэл уг төв Анхбаяртай адил хүүхдүүдийг хүлээн авах боломжгүй байсан юм. 2014 оны зуны амралтын хугацаанд уг төвийн барилгад засвар хийж, тоног төхөөрөмжүүдийг  бүрэн шинэчилжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай суултуур бүхий ариун цэврийн өрөө, халуун, хүйтэн ус дамжуулах систем зэргийг шинээр суурилуулсан байна. Засвар хийхээс гадна биеийн тамирын тоног төхөөрөмж, сурагчдын сандал ширээ болон бусад иж бүрэн тавилга хэрэгслээр нэмж тохижуулжээ. Энэ бүх засвар шинэчлэлтийн зардлыг НҮБ-ын Хүүхдийн сан санхүүжүүлжээ.

Ийнхүү иж бүрэн тохижуулснаар энэ төвд суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо нэмэгджээ. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй 15 орчим хүүхэд суралцаж байсан бол энэ тоо даруй 40%-аар нэмэгдсэн гэж Нарантуяа багш ярьсан юм.

Нарантуяа багшийн хэлснээр албан бус боловсролын төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслаад зогсохгүй олон хүүхдийн хувьд гэр оронтой нь адил орчинг бүрдүүлж чаддаг. Ялангуяа, тэдний хувьд бусад хүүхдүүдтэй хамтдаа суралцаж, нийгмийн харилцаанд ороход энэ төв нь хамгийн таатай орчин болдог. Бүр зарим хүүхдүүдийн гэр нь халаалт түлшгүй, хүйтэн байдаг, харин төвдөө ирэхэд дулаахан тохьтой байдаг гэнэ.

Хичээлээ дууссаны дараа хүүхдүүд төвийнхөө урлаг, хөгжим, спортын үйл ажиллагаанд оролцож, гэрийн даалгавраа хийдэг бөгөөд тэд гэртээ харихаа ч мартаад, завгүй тоглосоор байдаг хэмээн Нарантуяа багш өгүүлсэн юм.

Цаашид хийх зүйл их

Анхбаяр хүү  аав Адууч, ээж Ганцэцэг нарын хамт
© НҮБХСМонгол/2015/Зетти Брейк 
НҮБ-ын Хүүхдийн сангийн Боловсролын ахлах мэргэжилтэн Б.Болорчимэгийн өгүүлснээр “Албан бус боловсролын төвд суралцаж буй ихэнх сурагчид тэдэнд зайлшгүй шаардлагатай дэмжлэг туслалцааг авч чаддаггүй, бусад хүүхдүүд тэднийг ялгаварлан гадуурхдаг зэрэг олон шалтгааны улмаас боловсролын тогтолцооноос гадуур хоцордог. Харин зарим нь өмнө нь сургуульд огт сурч байгаагүй, ангийнхнаасаа насаар ахмад байдаг учраас сургалтын орчинд дасан зохицоход ихээхэн хүндрэлтэй байдаг. Тиймээс албан бус боловсролын төвүүд нь сургуульд огт явж байгаагүй болон сургуулиас завсардсан хүүхдүүдийн хувьд боловсрол эзэмших хоёр дахь боломжийг олгодог.”

“Эдгээр төвүүд нь сургуулийн гадна буй эмзэг бүлгийн хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг хүргэх нэн чухал үүргийг гүйцэтгэж байгаа боловч ерөнхий боловсролын сургуулиудтай адил хэмжээний санхүүжилтийн дэмжлэг авдаггүй тул ихэнх тохиолдолд сургалтын материалын хангамж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд хамрагдах зайлшгүй шаардлагатай байдаг. Энэхүү байдал нь хүүхдүүдийн суралцах боломжийг хаасан саад бэрхшээл болж болзошгүй юм. Харин Налайх дүүргийн албан бус боловсролын төвд хийгдсэн засвар, тохижилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлсэн учраас нэгэн том дэвшил болсон.  Гэхдээ илүү ихийг хийх шаардлагатай байна” хэмээн тэрээр нэмж хэлсэн юм.

Энэ төвд явснаар Анхбаяр хүү гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрангаа сургуульд суралцах боломжтой болсон. Анхбаярын ээж Ганцэцэг “Энэ төв үнэхээр буянтай газар, ийм сайхан зүйлийг бүрдүүлж өгсөн бүх хүнд баярлалаа” хэмээн нэмж хэлсэн юм.

Зохиогч

Зетти Брейк, Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн    

No comments:

Post a comment