06 November 2015

Эмзэг өрхүүдэд хүрч ажиллах нь


3 настай жаахан боловч Ууганбат  их эрч хүчтэй, сэргэлэн хүү
@ НҮБ-ын Хүүхдийн сан/2014/Зетти Брэйк
Ууганбат 3 настай жаахан боловч их эрч хүчтэй, сэргэлэн хүү. "Би цэцэрлэгт явмаар байна. Цэцэрлэгт зөндөө зүйл сурч, хүүхдүүдтэй тоглож, сайхан хоол иддэг. Миний хамгийн дуртай тоглоом сургууль болж тоглох" хэмээн тэр ярьж байна.

Ээж Уранхишиг (29 настай) "Хүү маань орой бүр л дүрэмт хувцас шиг хувцсаа бэлтгэж, өглөө цэцэрлэгтээ явахад бэлтгэдэг” хэмээн ярина. Ууганбат хүү ээж болон аав Төмөрбаатар (27 настай), эгч Солонго (7 настай), мөн зургаан сартай дүү Тунгалагтамир нарынхаа хамт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод амьдардаг.

Тэдний гэр бүлийн нэг жил гаруйн өмнө Мөрөн хотод нүүж иржээ. Тэдний гэрт ус шууд ирэхгүй тул ойролцоогоор хагас км орчим алхаж байж, хамгийн ойр байх худгаас усаа явганаар зөөдөг.

Тэдний гэр бүл ядуу өрхийн нэг бөгөөд үндсэндээ нийгмийн халамжийн мөнгөөр болон өрхийн тэргүүн Төмөрбаатарын өдөрт олж хийдэг ажлын хөлсөөр амь зуудаг байна. Уранхишиг хэдийгээр ажил хийхийг хүсдэг ч боломж нөхцөл хэцүү. "Би ажиллахын тулд хүүхдээ харуулах хэн нэгнийг гуйх хэрэгтэй, гэвч тэгж туслах хүн байхгүй. Бас би сонсгол нилээд муу болохоор ажил олж хийхэд ч хэцүү байдаг” хэмээн өөрийн байдлаа учирлав.

Боловсрол, мэргэжил эзэмшээгүй учир ажил олж хийх тийм ч амар бус. Уранхишиг гуравдугаар анги л төгссөн бол нөхөр Төмөрбаатар нь дөнгөж нэгдүгээр ангиасаа сургуулиа орхижээ. “Одоо ч би хүүхдүүддээ, гэр бүлдээ санаа зовж байна. Эднийгээ боловсролтой, эрүүл өсөж бойжоосой хэмээн хүсэх юм даа” хэмээн Уранхишиг бүсгүй өгүүлнэ.

Тэдний гэр бүл Мөрөн хотод нүүж ирэхэд Уранхишиг гуравдахь хүүхдээ тээж байсан бөгөөд хүү Ууганбат нь тураалтай, бие нь их сул байжээ.  Азаар Дүүрэг, сум бүрт хүрч үйлчлэх стратеги (ДСБХҮ)-ийн хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн ажилтнууд иргэдтэй ажиллах явцдаа тэдний гэр бүлийг эрсдэл бүхий өрх болохыг мэдэж уг хөтөлбөрт хамруулсан байна.

Далай-Элбэрэл өрхийн эмнэлгийн сувилагч Баясгалантуяа “Анх энэ гэр бүлийг тодорхойлж байх үед Уранхишиг таван сартай жирэмсэн байсан. Бид орон нутгийн засаг захиргаатай хамтран эдний гэр бүлийг иргэний бүртгэлд бүртгүүлж, Уранхишигийг  жирэмсэн эхчүүдийн хяналтад оруулж, төрсний дараа ч хүүхдийг нь бүртгэлд хамруулсан. Мөн хүүхдээ хөхөөр хооллох талаар зөвлөгөө өгч ажиллаж байна " хэмээн ажлынхаа талаар товч танилцууллаа.

Энэ баг Ууганбат хүүд ч мөн тусалсан байна. "Анх Ууганбаттай уулзахад тэр тураалтай байсан. Өрхийн эмнэлгээс хүүд витамин А, D зэрэг олон тооны бичил тэжээлийн найрлага бүхий нэмэлт хүнсээр хангах болсон. Улмаар хоол хүнсээ хэрхэн бэлтгэх талаар эцэг эхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, гэр бүлд нь хүнсний талон авч өгсөн. Энэ бүгдийн үр дүнд ихээхэн өөрчлөлт гарч Ууганбат хүү одоо өөрийн насандаа тохирох хэвийн жинтэй, эрүүл болсон” гэж сувилагч Баясгалантуяа ярилаа.

Дүүрэг, сум бүрт хүрч үйлчлэх стратеги

Ууганбат хүү Мөрөн дэх гэртээ
@ НҮБ-ын Хүүхдийн сан/2014/Зетти Брэйк
Айл өрх бүрийн амьдрал адил тэгш биш. Хэдийгээр улс орон сүүлийн үед эдийн засгийн өсөлттэй байгаа ч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан судалгаагаар нийт хүн амын дөрөвний нэг орчим хувь нь ядуу амьдарч байна. Хүүхдийн ядуурлын тухай яривал энэ тоо бүр өсөх ч магадлалтай.

Дүүрэг, сум бүрт хүрч үйлчлэх стратеги бол НҮБ-ын Хүүхдийн сан болон Монгол Улсын Засгийн газар, бусад түншүүдийн ядуурлын эсрэг хэрэгжүүлж буй үндэсний бодлого, стратегийн нэг нь билээ. Энэ стратегийн хүрээнд нэмэлт дэмжлэг хэрэгтэй эмзэг бүлгийн өрхүүдийг тодорхойлж, тэдэнд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхийг зорьдог. Дүүрэг, сум бүрт хүрч үйлчлэх стратеги нь эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг нэгтгэн хот, суурин газрын ядуу хүмүүст цогцоор хүргэхэд чиглэдэг байна.

“Дүүрэг, сум бүрт хүрч үйлчлэх стратеги сайн ажиллаж байгаа” хэмээн сувилагч Баясгалантуяа хэлж байна. Түүний хэлснээр нэмэлт дэмжлэг хэрэгтэй эмзэг бүлгийн өрхүүдийг орон байраар хангах, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамруулах, хүнсний талон эсвэл халаалт түлшний татаас олгох гэх мэт нийгмийн халамжийн хөтөлбөрт хамруулдаг. Мөн орон нутгийн засаг захиргааны бүртгэлд тэднийг хамруулах зэргээр асар их өөрчлөлт хийн ажиллаж байгаа ажээ.

Яагаад эрүүл мэндийн асуудал чухал вэ?

Ууганбат хүү ээж Уранхишиг болон дүү Тунгалагтамирын хамт гэрийнхээ гадаа
@ НҮБ-ын Хүүхдийн сан/2014/Зетти Брэйк
НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Сүрэнчимэг хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах нь ядуурлын эсрэг тэмцэлд чухал ач холбогдолтой болохыг хэллээ. "Хүүхэд эрүүл бол тэд өөрсдийн хөгжин боловсрох, өөрт буй боломж бололцоогоо нээн нийгмийн амьдралд бүрэн оролцох эрүүл иргэн болж өснө. Тиймээс бид Монголын бүх хүүхдийг ийнхүү эрүүл өсөж хөгжих боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна " хэмээн Сүрэнчимэг онцлов.

Тэрээр энэ тухай "Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах нь дэлхий даяар НҮБ-ын Хүүхдийн сангийн хийж буй ажлын гол цөм нь бөгөөд Дүүрэг, сум бүрт хүрч үйлчлэх стратеги нь Монгол Улсад хэрэгжүүлж буй үндсэн арга зам юм. Дүүрэг, сум бүрт хүрч үйлчлэх стратеги нь орон нутгийн түвшинд бага зардлаар өндөр үр нөлөө үзүүлж буй тул үндэсний эрүүл мэндийн тогтвортой тогтолцоог бий болгоход ихээхэн дэмжлэг болж байна" хэмээн тайлбарлав.

"Түүнээс гадна, энэ стратеги нь хот, суурин газрын ядуу хүмүүсийн хэрэгцээний талаар маш их мэдээ, мэдээлэл цуглуулж байна. Энэхүү мэдээлэл нь тусламж, дэмжлэг хамгийн их хэрэгтэй хүмүүст эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар ирээдүйн төлөвлөлтийн үндэс суурийг бий болгох ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй" гэж доктор В.Сүрэнчимэг нэмж хэлэв.

Монгол орон  даяар, Дүүрэг, сум бүрт хүрч үйлчлэх стратеги нь эмзэг бүлгийн мянга мянган өрх гэрт тусалж байна. Ууганбат хүүгийн гэр бүлийн хувьд энэ хөтөлбөрийн ашиг тусыг хэдийнэ мэдэрч,  гэр бүлд нь эерэг өөрчлөлт гараад байна.

Зохиогч

В.Сүрэнчимэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн   

Нэмэлт мэдээллийг
Зетти Брейк, НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн
М.Одгэрэл, НҮБ-ын Хүүхдийн сангийн Хөгжлийн төлөөх мэдээлэл, харилцааны ажилтан
 



No comments:

Post a comment