27 November 2015

Амьдралын зөв дадал хүүхдийн эрүүл мэндийг хамгаална

Цэргийн малгай өмссөн Түмэн-Өлзий
©НҮБ-ын Хүүхдийн Сан/2015/Н.Санжааханд
Түмэн-Өлзий таван настай, их сэргэлэн цовор охин. Тэр гадаа найз нартайгаа тоглох дуртай. Түмэн-Өлзий сумынхаа цэцэрлэгт явдаг. Түүний ээжийг Отгонбаяр гэх бөгөөд охиноо цэцэрлэгтээ дуртай болох тухай бидэнд хуучиллаа. "Охиныг маань сайн сурдаг. Бас цэцэрлэгтээ явах дуртай гэж багш нар нь дандаа хэлдэг юм" гэв.

 Түмэн-Өлзий охин ээж Отгонбаяр болон ах Пүрэв (7 настай) болон эмээ Ундал нарын хамт амьдардаг. Тэдний гэр бүл Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд модон байшинд амьдарна. Өнгөрсөн жилийн 11-р сард Отгонбаяр орон нутгийн эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн нэгжээс зохион байгуулсан сургалтанд хамрагджээ. "Би сургалтад хамрагдсандаа үнэхээр азтай. Бид гар угаахаас эхлээд ундны усаа аюулгүй хадгалах, хоол хүнсээ бэлтгэх зэрэг хүүхдээ эрүүл чийрэг байлгахын тулд юу хийж болох талаар маш их зүйл сурсан. Бидний сурсан бүх зүйл маш их хэрэгтэй байсан" хэмээн тэрээр бидэнд өгүүлсэн юм.

Сургалтын дараанаас Отгонбаяр гэртээ өөрчлөлтүүд хийж эхэлжээ. Хоол идэхээсээ өмнө болон ариун цэврийн өрөөнд орсны дараа гараа тогтмол угаах болж, хүүхдүүддээ илүү тэжээллэг, чанартай хоол унд бэлтгэх, гэр орноо цэвэр цэмцгэр байлгах зэрэгт өөрийн олж авсан мэдээллийг ашиглан амьдрах нөхцөл байдлаа сайжруулж байна.  

"Хэрэв та эрүүл, цэвэр орчинд амьдрах юм бол тийм ч их өвдөөд байхгүй шүү дээ". Манай хүүхдүүдийн аль нь ч өвлийн улиралд ханиад болон бусад өвчин тусахгүй байхын тулд эдгээр өөрчлөлтийг хийж байна. Хүүхдүүд маань өвчний улмаас цэцэрлэг, сургуульдаа явж чадахгүй байх явдал гаргахгүй. Тиймээс энэ нь тэдний ирээдүйд ч тустай гэсэн үг” хэмээн тэр хэллээ.

Отгонбаяр бүсгүй өөрийн гэр бүлийн хүрээнд эдгээр өөрчлөлт хийхийн зэрэгцээ орон нутгийнхаа бусад хүмүүст өөрийн мэдлэгээсээ харамгүй хуваалцаж байна.  "Анх би бусад хүмүүст мэдээллээ хуваалцаж, ярьж эхэлж байхад тэд их эргэлздэг байсан. Гэхдээ  бид бие биенээ мэддэг учир хүмүүс намайг сонсож, миний хэлсэн мэдээллийг гэр орондоо ашиглаж эхэлсэн юм” гэв.

Амьдралын зөв дадал олгох төсөл
Түмэн-Өлзий болон түүний ээж Отгонбаяр
©НҮБ-ын Хүүхдийн Сан/2015/Н.Санжааханд
Отгонбаярын оролцсон уг сургалтыг орон нутгийн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн нэгжээс зохион байгуулжээ. Энэ жилийн эхээр Нийгмийн эрүүл мэндийн нэгж судалгаа хийж, эцэг эх болон мэргэжилтнүүд хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчнөөс урьдчилан сэргийлж болох олон сайн дадал зуршлыг мэдэхгүй байгааг тогтоожээ. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлж, зөвхөн сургалт зохиогоод зогсохгүй олон нийтийг уг ажилд татан оролцуулах тухай шийдэлд хүрчээ.

"Хамгийн хүчирхэг мэдээлэл түгээгч нар бол найз нөхөд, гэр бүл гэдгийг бид мэднэ" хэмээн нийгмийн эрүүл мэндийн нэгжийн сувилагч Нарангэрэл ярьж байна. "Бид сумынхаа иргэдээс тодорхой хүмүүсийг сонгож, олон нийтэд эрүүл зөв дадал зуршлыг түгээж, бусдыг оролцуулах чадвартай болгож эерэг өөрчлөлт хийхийг хүссэн юм" хэмээн тэрээр нэмж хэлэв.

Түүний хэлснээр "Бид амьдралын өөр түвшин, өөр бүлэг, хүрээний 40 хүнийг сургасан. Тэр хүмүүс хэзээний идэвхтэй, орон нутагтаа нэр хүндтэй бөгөөд сайн мэдээ, мэдээллийг хялбар, шуурхай хуваалцах чадвартай байсан бөгөөд тэднийг уг ажилдаа оролцуулахын тулд их хүчин чармайлт гаргасан” гэв.

Сургалтын хөтөлбөрт эрүүл ахуйн зөв дадал, цэвэр цэмцгэр байдал, хоол тэжээл, өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт зэрэг сэдэв хамрагдсанаас гадна хүүхдээ хэрхэн эрүүл байлгах талаар их санаа өгсөн аж. Сургалтын дараа оролцогч тус бүрт нутаг орныхондоо өөрийн мэдлэгээс хуваалцах даалгавар өгчээ. Өөрөөр хэлбэл, тэд эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дэмжих нөлөөлөгчид болсон юм. Тэднийг хүмүүст хүрч үйлчлэх ажилд нь туслахын тулд оролцогч бүрт эрүүл мэндийн сайн туршлагууд бүхий мэдээллийн гарын авлагыг хүлээлгэн өгчээ.

Нарангэрэлийн хэлсэнчлэн энэ ажил их амжилттай болсон гэнэ. "НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжүүлсэн нийгмийн эрүүл мэндийн сургалт нь хүмүүст маш их хүрч, өөрчлөлт хийж байна. Улмаар хүүхдийн өвчлөлийн тоо буурч, түргэн тусламжийн дуудлагын тоо ч багассан. Эцэг эх нь хүүхдээ хэрхэн эрүүл байлгах талаар мэддэг болсноор урьдчилан сэргийлж болох өвчнөөс сэргийлж чаддаг боллоо” хэмээн тэрээр бахархалтай ярьж байна.  

Илүү олон хүнд хүрэх
Нарангэрэл болон Сарантуяа эмч нар
©НҮБ-ын Хүүхдийн Сан/2015/Н.Санжааханд
НҮБ-ын Хүүхдийн сан уг сургалт зохион байгуулах, гарын авлага хэвлүүлэх санхүүжилт олгох замаар уг төслийг дэмжсэн. Энэ дэмжлэг нь  хүүхдийг эрүүл байлгах дадал зуршлыг дэмжих, орон нутгийн иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх талаарх НҮБ-ын Хүүхдийн сангийн ажлын нэг хэсэг юм. Тухайн аймгийн хэмжээнд эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг болон телевизийн байгууллага зэрэгт нийт 25 удаа төслийн тэтгэлэг олгожээ.

Нутгийн иргэд үнэхээр шинэлэг төсөл гаргаж, хэрэгжүүлэхийг хүссэн хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Сүрэнчимэг тайлбарлаж байна. "Уг төслийн хувьд нутгийн иргэд хүн бүрийн хийж чадах тэдгээр урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн арга хэмжээний талаар мэдэх, оролцох үнэхээр сонирхолтой байсан. Аймгийн хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахын тулд иргэдийн зан үйлийг хэрхэн өөрчлөх, иргэд хэрхэн хичээж байгааг бид харж сонсож байна" хэмээн өгүүлсэн юм.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд илүү хөрөнгө оруулах нь хамгийн үр дүнтэй, чухал ажил гэж В.Сүрэнчимэг үзэж байна. "Эцсийн зорилго бол хүүхдийн өвчлөлийг зогсоох явдал. Бид сайн хоол тэжээл, хүүхдийн дархлаажуулалт, эрүүл ахуйн зөв дадал хэвшлүүдийг дэмжсэнээр хүүхдээ эрүүл байлгахад ихээхэн өөрчлөлт гаргаж чадна. Бидний хувьд сум, орон нутгийн иргэдэд эрүүл, зөв дадал, зан үйлийг нэвтрүүлснээр хүүхдүүдийнхээ амьдралд асар том тус дэм болно гэдгийг харуулахыг хүсч байна” тэрээр тайлбарласан юм.

Зохиогч
Зетти Брейк, НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн

No comments:

Post a comment