25 October 2016

Шийдвэр гаргахад хүүхдийн оролцоог дэмжих нь

Бааска охин эмээгийнхээ хамтаар гэртээ
© UNICEF Монгол /2016/А
.Энхзул

17 настай Бааска охин Хөвсгөл аймгийн "Aвъяас" сургуулийн ахлах ангид сурдаг. Тэрээр аймгийн төв Мөрөн хотод эмээ, хоёр дүүгийн хамт амьдардаг. Бааскагийн ээж, аав нь Төв аймгийн нутагт мал хариулан амьдардаг.

Бааска жаахан байхаасаа л Монголын улаан загалмайн нийгэмлэг, охидын скаут бүлэг зэрэг сургуулийн олон клубт идэвхтэй гишүүн хийдэг байжээ. Хүүхдийн оролцооны клубын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогийн үр дүнд тэрээр хоёр жилийн өмнө Хөвсгөл аймгийн хүүхдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна. Уг Зөвлөл нь хүүхдийн эрхтэй холбогдох асуудлаар орон нутгийн засаг захиргаанд зөвлөх чиг үүрэгтэй байгууллага юм.

Зөвлөлийн гол ажлын нэг нь жил тутам хүүхдийн чуулга уулзалт зохион байгуулж, хүүхдүүд өөрсдийн орон нутагтаа өөрчлөхийг хүсч байгаа зүйлсийг хэлэлцэн, орон нутгийн удирдлагуудад тэдгээр асуудлыг танилцуулдаг юм.

"2013 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхдэд ээлтэй орон нутаг санаачилгын хүрээнд зохион байгуулсан хүүхдийн чуулга уулзалтад би анх удаа оролцсон. Чуулга уулзалтын үеэр бид олон асуудлыг хэлэлцсэний нэг нь "Ирээдүй" дунд сургуулийн сурагчдаас гаргасан хүсэлт байсан юм. Тэр сургууль маш хол газар оршдог, сургууль руу явдаг нийтийн тээвэр гэж байхгүй байлаа. Хүүхдүүд хүйтэн, харанхуйд сургууль хүртэл нилээд хол явганаар явдаг. Дээрээс нь золбин ноход хүүхдүүд рүү дайрах аюултай. Ингэж хүйтэнд хол алхдаг болохоор хүүхдүүд амархан өвчин тусдаг байсан. Тийм болохоор бид аймгийн удирдлагад энэ асуудлыг шийдэж өгөөч ээ гэж танилцуулсан” хэмээн Бааска охин ярив.

Хүүхдүүд саналаа хэлснээр өөрчлөлт хийж чадна гэдэгт
Бааска охин итгэдэг.
© UNICEF Монгол /2016/А.Энхзул
Хүүхдүүд асуудал дэвшүүлсний дараагаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хурлаар сургуулийн автобус худалдан авах санал дэмжигдсэн байна. Улмаар уг сангийн санхүүжилтээр Мөрөн сум 2014 онд хоёр автобус худалдан авчээ.

"Автобустай болсноор хүүхдүүд их баяртай байгаа. Одоо хүүхдүүд илүү хурдан, айх аюулгүйгээр сургуульдаа хүрдэг болсон. Автобустай болсноор сургуулийн хэт их ачааллыг шийдэхэд ч тусалж байна. "Ирээдүй" сургууль автобустай болсон тул зарим хүүхдүүд энэ сургууль руу шилжиж байна. Цаашдаа илүү олон автобустай болно гэдэгт найдаж байна!" хэмээн тэр нэмж хэлэв.

"Хүүхдүүд өөрсөддөө тулгарч буй асуудлыг хамгийн сайн тодорхойлж чадна гэж би боддог. Хөвсгөл аймагт Хүүхдийн чуулга уулзалт хийх нь уламжлал болсон бөгөөд одоо хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоо гаргахад өмнөхөөс илүү сайн боломж гарч байна. Томчууд ч бидний хүсэлтэд их анхаарал хандуулдаг болсон” гэж Бааска охин ярив.

Хүүхдэд ээлтэй орон нутаг стратеги

Хүүхдэд ээлтэй орон нутаг (ХЭОН) гэдэг нь хүүхдийн эрхийг ханган биелүүлэх үүрэг хүлээсэн орон нутгийн засаглалын тогтолцоо юм. Энэ нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх буюу хүүхдийн эрхийг бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөвлөлтөд тусган биелүүлэх явдал юм. Хүүхдэд ээлтэй орон нутагт хүүхдүүд нийгмийн идэвхтэй гишүүд байх бөгөөд тэдний дуу хоолой, үзэл бодлыг анхаарч, шийдвэр гаргах явцад нөлөөлж чаддаг байна.

Хөвсгөл аймаг 2016 он гэхэд Хүүхдэд ээлтэй аймаг болох зорилго дэвшүүлж, уг зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар ахиц гарган ажиллаж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сум, иргэн бүр оролцож, хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд тавин ажиллаж байгаа юм. Орон нутгийн удирдлагууд шийдвэр гаргахдаа хүүхдийн оролцоонд ач холбогдол өгөх явдал улам бүр нэмэгдэж байна.

"Хүүхдэд ээлтэй засаглал хөтөлбөр манай аймагт хэрэгжиж эхэлснээр хүүхдийн сайн сайхан байдалтай холбоотой шийдвэр гаргах бүрт тэдний санал бодлыг сонсохыг хичээж ажилладаг. Бид хүүхдүүдийн санал, хүсэлтийг сонсох зорилгоор жил тутам хүүхдийн хэлэлцүүлэг, түүнчлэн сар тутамд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Шинэ номын сан, ариун цэврийн байгууламж, тээврийн хэрэгсэлтэй болох, түүнчлэн өсвөр насныханд зориулсан амьдрах ухааны сургалт хийх зэрэг тэдний саналын ихэнх нь зохих үр дүнд хүрч байна" хэмээн Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Дашбаяр тайлбарлалаа.

"Ирээдүй" сургуулийн хүүхдүүд сургуулийн автобусныхаа өмнө
© UNICEF Монгол /2016/Б.Зояа

Хүүхдэд ээлтэй аймаг болох стратегийн хүрээнд хүүхдэд ээлтэй хөрөнгө оруулалт нь Хөвсгөл аймгийн орон нутгийн хөгжлийн бодлогын нэгэн чухал чиглэл болж чаджээ. "Орон нутгийн Иргэдийн хурал Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгө оруулалтын 10-аас доошгүй хувийн санхүүжилтийг хүүхдийн сайн сайхны төлөө зарцуулах шийдвэр гаргасан. Үүний дүнд 2013 онд Хөвсгөл аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 8.8 хувь нь хүүхдийн төлөө зарцуулагдаж байсантай харьцуулахад 2015 онд энэ үзүүлэлт 22.5 хувь болж нэмэгдсэн” хэмээн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Төмөрбаатар тайлбарлав.

НҮБ-ын Хүүхдийн сан 2012 оноос хойш Хөвсгөл аймгийн нийгмийн цогц үйлчилгээ болон хүүхдэд ээлтэй засаглал, хөрөнгө оруулалтыг идэвхитэй дэмжин ажиллаж байна. "Хүүхдэд ээлтэй орон нутаг стратегийн үр дүнд хүүхдийн тэргүүлэх асуудлууд Хөвсгөл аймгийн хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөнд тусгагдаж, шийдвэр гаргах явцад хүүхдийн асуудлыг чухалчлан үзэх зорилгоор нийт 24 сумын 18-д нь хүүхдийн зөвлөл байгуулж чадлаа” хэмээн Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Орон нутгийн хөгжлийн мэргэжилтэн У.Мандал онцлов.

"Энэ стратеги нь хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалт, тухайлбал, хүүхдийн хөгжлийг дэмжих, мөн тэдэнд амьдрах аюулгүй, илүү таатай орчин бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад тусалж чадсан юм.”

"Хөвсгөл аймаг нь бүх бодлого, шийдвэртээ хүүхдийн асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгож, хүүхдэд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх замаар хүүхдүүд амьдрахад илүү таатай сайхан нутаг орон болохын төлөө одоогийн ололт, амжилтаа хэвээр хадгална гэдэгт итгэлтэй байна" хэмээн тэрээр нэмж тайлбарлав. 

Бичсэн: Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Дижитал харилцааны зөвлөх А.Энхзул




1 comment:

  1. I love the information you share here. It’s a well written blog post by you. 
    bk8

    ReplyDelete