Хамгаалуулах
шаардлагатай хүүхэд
©НҮБХС/MGLA2007-00005/Холмес
|
Бат хүү (жинхэнэ нэр нь биш болно)
14 настай байхдаа гэрээсээ олон удаа зугтаж байжээ. Заримдаа нэг өдрөөр,
заримдаа түүнээс ч удаан хугацаагаар явна. Ах нар нь гадуур түүнийг хайж, олмогц гэртээ авчирч, ихэнхдээ зоддог байв. Гэр бүлийн харилцаа, уур
амьсгалаас шалтгаалан Бат зугтаадаг байжээ. Түүний аав, ээж 2 хоёулаа ажилгүй, бас архи ууна. Тэднийх монгол гэрт 6 хүүхэдтэйгээ наймуулаа амьдарна.
Батын аав ээжийг нь үргэлж дээрэлхэн,
хэрцгий авирладаг тул тэдний гэр бүл хүчирхийлэлд их өртдөг байв. “Манай гэр
бүл ийм хүнд нөхцөлд байсан учраас би гэртээ байхыг хүсдэггүй, бас сургуульдаа
ч явах дургүй тул сургуулиасаа гарсан. Би гэрээсээ яваад хэдэн өдрөөр ч
хамаагүй гадуур сэлгүүцдэг байлаа. Үүний дараа гэртээ харихаасаа, гол нь аав
ээж, ах нараасаа айдаг байсан. Надад хувцас, хоол хэрэгтэй болдог. Иймээс өөрт
хэрэгцээтэй байгаа зүйлээ хоёр ч удаа хулгайлж авж байсан. Энэ тухай бодох
үедээ их харамсдаг" гэж Бат ярив.
Бат хулгай хийсний улмаас цагдаад баригдаж, одоо түүний хэргийг хэлэлцэх шүүхийн шийдвэрийг хүлээж байна.
Ээж Дулмаа (жинхэнэ нэр биш болно) нь “Би хүүдээ анхаарал тавьдаггүй бас түүнд
юу тохиолдож байгааг мэддэггүй байсан. Тэр сургуулиа хаяаад удсан байсан. Харин багш нь манайд ирж хэлэх хүртэл би юу ч мэдээгүй байсан”
хэмээн өөрийгөө буруутгаж байв. "Одоо байдал маш хүнд байна.
Хүү маань шоронд орохгүй, тэнсэн авч магадгүй, гэхдээ юу болохыг би
мэдэхгүй байна. Бид прокуророос асууж үзэхэд тэд түүний амьдралыг аль болох
эерэгээр өөрчлөхөөр анхааралтай судалж байна гэсэн".
Бат баривчлагдсанаас хойш түүний
амьдрал өөрчлөгдөж эхэлсэн юм. Эхлээд тэр орон нутгийнхаа мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төвд худалдааны мэргэжлээр суралцаж эхэлсэн. Тэр одоо тэнэж
явах үед нь уруу татаж байсан хүмүүстэй нийлэхээ больжээ. “Энэ бүх зүйлээс
би их том сургамж авлаа. Намайг шоронд хорихгүй тэнсэн ял өгөх байх гэж найдаж
байна. Хэрвээ шүүхээс ийм шийдвэр гарвал бүх зүйл сайхан болно хэмээн бодож
байна” хэмээн Бат өгүүлсэн юм.
Шаардлагатай хүүхдэд дэмжлэг үзүүлэх нь
Бат баригдсанаас хойш түүний гэр
бүлийнхэн орон нутгийн төрийн албан хаагчид, тэр дундаа хамтарсан багийн
гишүүдээс ихээхэн тусламж авчээ.
Хүүхэд гэр бүлийн хэлтсийн хүүхдийн
эрх, хамгааллын мэргэжилтэн Доржханд “Хамтарсан багийн зүгээс Батыг мөрдөн
байцаах үйл ажиллагааны явцад зөвлөгөө өгч, сургалт үйлдвэрлэлийн төвд
элсүүлж, дэмжлэг үзүүлж байна. Мөн бид Батын амьдралыг өөрчлөхийн
тулд гэр бүлтэй нь ажиллаж байна. Түүний ээжийн зан ааш их өөрчлөгдөж Бат
хүүдээ аль болох их анхаарахыг хичээх болсон байна" гэж ярив.
“Хамтарсан баг байгуулахаас өмнө хүүхдийн
асуудлыг хариуцдаг ганц газар нь Хүүхэд гэр бүлийн хэлтэс байсан. Харин одоо олон
байгууллага, олон ажилтнууд оролцон хүүхдэд хүрсэн үйлчилгээг үзүүлэхээр
ажиллаж байна. Орон нутаг бүрийн хамтарсан баг өөрийн онцлогтой. Манай
хамтарсан багт баг, сумдын засаг дарга нар, Хүүхэд гэр бүлийн хэлтсийн
ажилтнууд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, цагдаагийн ажилтнууд, нийгмийн
ажилтнууд мөн нэг төрийн бус байгууллагын гишүүн байдаг” хэмээн Доржханд нэмж
тайлбарлав.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын
мэргэжилтэн Д.Амараа хамтарсан баг хэрхэн ажиллаж байгаа талаар
дараах тайлбарыг өгсөн юм. “Монгол улсын хууль эрх зүйн тогтолцоо нь хуульд юу
заасан байна түүнийг дагадаг. Тиймээс хүүхдийн амьдрал, нөхцөл байдал, тухайн
гэмт хэргийн шалтгаан зэргийг огт авч үздэггүй. Шүүх байгууллага ч тэдний
гаргаж буй шийдвэр хүүхдийн амьдралд хэрхэн нөлөөлөхийг боддоггүй байсан.
Хамтарсан баг ажиллах болсноор олон байгууллагын ажилтнууд хамтдаа тухайн
хүүхдийн эрх ашгийг хэрхэн хангах талаар хоорондоо зөвлөлдөж, биелүүлэхийн төлөө хамтдаа
ажиллаж байна” гэв.
Хамтарсан баг үнэхээр түүнд тусалж
чадсан талаар Бат ярьж байна. “Намайг хүлээж авч, дэмжиж байгаад би маш их
баяртай байна. Энэ дэмжлэгийн хүчинд миний нөхцөл байдал хамаагүй дээр байна.
Энэ хүмүүс туслаагүй бол би дахин гэмт хэрэгт холбогдож, бүр буруу зүйл ч хийх байсан байж магадгүй” гэлээ. Батын ээж Дулмаа ч хамтарсан баг үнэхээр ач тустай болохыг
хүлээн зөвшөөрч байна "Манай Батад маш хурдан нөлөөлсөн, Хамтарсан багийн
дэмжлэг, итгэл найдварын хүчээр хүү минь их өөрчлөгдсөн. Харин хамтарсан
баггүй бол хүүгийн минь ирээдүй юу болохыг мэдэхгүй" гэв.
Дуусаагүй ажил
Хүүхдэд чиглэсэн тусалж, дэмжиж,
хамгаалах үйлчилгээ нь нэн чухал юм. Хамтарсан багийн нэг гол үүрэг бол
хүүхдийг гэмт хэрэгт холбогдсон хойно нь туслах биш харин эрсдэл бүхий хүүхдэд
нөлөөлөх явдал юм. Мөн хамтарсан баг эрсдэлтэй хүүхдүүдийг нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдахад нь туслах үүрэгтэй. Гэвч бэрхшээл бас гарна. НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараагийн хэлж байгаагаар, хүүхэд хамгааллын асуудал нь
Монгол улсын хувьд харьцангуй шинэ үзэл баримтлал бөгөөд үүнийг бүх хүн зөвөөр
ойлгодоггүй гэнэ. "Хүүхэд хамгааллын асуудлаар бусад улс орнууд Монгол улсаас
харьцангуй түрүүнд явж байна. Тиймээс бид Бат зэрэг хүүхдүүдийг буруу зам руу хальтрахаас сэргийлэх, бусад улсуудыг гүйцэхийн тулд шаргуу ажиллах хэрэгтэй
юм" гэв.
Хүүхэд хамгааллын
хамтарсан багууд байгуулагдаж, үндэсний хэмжээнд хүүхдийн тусламжийн утас ажиллаж
эхэлсэн зэрэг хүүхэд хамгаалалын салбарт гарсан ахиц дэвшлийг мэргэжилтэн Д.Амараа онцолж байна.
Гэвч хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс хамгаалахын тулд бүр их зүйлийг
хийх ёстой. Хүүхэд хамгааллын зөв тогтолцоог бүрдүүлэх ёстой. Ингэснээр Бат
болон түүний адил хүүхдүүд өөрийн нөхцөл байдлаа тодорхойлж, эрүүгийн хэрэгт
холбогдсон хойноо биш эхний үе шатанд тусламж дэмжлэг авч байх болно.
"Бид Хууль зүйн яам болон Хүчирхийллийн
эсрэг үндэсний төвтэй хамтран Хамтарсан багийн тогтолцоог албажуулах,
сайжруулах чиглэлээр хууль тогтоомжийг боловсруулж, парламентаар батлуулахаар
ажилуулж байна. Одоогийн хамтарсан багууд нь зөвхөн орон нутгийн удирдлагуудын
хүсэлтийн дагуу байгуулагдаж байгаа бол уг хууль батлагдсанаар хот, сум, дүүрэг
болгон хамтарсан багууд байгуулах үүрэгтэй болно" гэж Д.Амараа ярэь байна.
Бат хамтарсан багийн дэмжлэгийг
авснаар амьдралд нь томоохон ахиц гарсан. Түүний
гэр бүлийн нөхцөл байдал дээшилж гэртээ харихаас айхгүй болсон. Нэгэнт
шүүхийн шийдвэр гарвал Бат сургуульдаа явж өөрийнхөө амьдралыг өөрөө босгоно. “Миний амьдрал одоо маш
гэрэл гэгээтэй байна” хэмээн Бат хэлж байна.
Зохиогч
Зетти Брейк, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл,
гадаад харилцааны мэргэжилтэн
No comments:
Post a Comment