27 January 2015

Цаа бугаа унаад сургуульдаа явна даа.

Өлзийчимэг дотуур байрандаа гэрийн даалгавраа хийж байна 
©НҮБХСМонгол/2014/Зетти Брейк 

Өлзийчимэг жаахан биетэй, мөн урьд нь огт тайруулж байгаагүй юм шиг их урт үстэй охин. Есдүгээр сарын нэгэн болж хичээлийн жил эхлэхэд тэр хоёр эгчийнхээ хамт сумын сургууль руу явлаа. Сумын төв тэдний цаатан гэр бүлээс хол бөгөөд цаа бугаа унаад бүтэн өдөр явж хүрнэ.

Энэхүү 6 настай Өлзийчимэг охин аав Наранжаргал, ээж Болормаа, 12 болон 13 настай эгч Өлзийсайхан, Өлзийцэцэг, 2 настай дүү Түвшинбаяр нарын хамт Монгол Улсын хойд хэсэгт орших Хөвсгөл аймгийн цаатнуудын уламжлалт гэр болох тээпээнд амьдардаг. Хичээлийн жилийн хугацаанд тэр хоёр эгч болон бусад сурагчдын хамт дотуур байранд амьдардаг.

“Олон зүйл заадаг болохоор би сургуульд сурах дуртай. Сургууль дээр миний олон найзууд, бас тоглоом байгаа. Бас эгч нартайгаа хамт байхад гоё. Тэд миний гэрийн даалгаварт тусалж, сайн халамжилдаг” гэж Өлзийчмэг охин бидэнд ярьсан юм.

Өлзийчимэг охин бол олны ярьдгаар Цаатан хүмүүсийн нэг юм. Цаатан хүмүүс бол цаа буга маллаж, цааныхаа бэлчээрийн аясыг даган улирлын турш нүүдэллэн явдаг нүүдэлчин иргэд билээ. Нүүдлийн амьдралтай тул хүүхдүүдээ сургуульд хамруулахад хүнд байдаг байна. Хүүхэд нь сургуульд элсэх болмогц тэд сумын төвдөө очин хүүхдээ дотуур байранд байрлуулдаг байна. Тэдний суманд сайн зам байхгүй, мөн цаатнууд зөвхөн цаа буга, эсвэл морь унадаг тул сумын төв ороход наад зах нь нэг өдөр болдог ажээ.

Ялангуяа цаатан ардын хувьд хүүхдээ сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд ихээхэн хүндрэлтэй юм. Тиймээс Даваагаас Баасан гаригт ажилладаг ердийн цэцэрлэгийн оронд зун цагт цаатны хүүхдүүдийг 21 хоногийн эрчимжүүлсэн сургалттай цэцэрлэгт сургах болжээ. Энэ цэцэрлэг нь цаатнуудын уламжлалт гэр болох хоёр тээпээтэй, 2-6 хүртэлх насны 25 хүүхдийг сургадаг ажээ.

Өнгөрсөн 2 жилийн зун Өлзийчимэг охин 21 хоногийн эрчимжүүлсэн сургалттай цэцэрлэгт хамрагджээ. “Би цэцэрлэгтээ явах дуртай. Миний хамгийн дуртай зүйл бол гараа угаах, зураг зурах ч бас гоё” гэж Өлзийчимэг охин сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний цэцэрлэгийн багшаар ажиласан Бүжмаа одоо сумын сургуульдаа хоёрдугаар ангид хичээл зааж байгаа бөгөөд Өлзийчимэг охиныг байнга анхаардаг ажээ. “Тэрээр Өлзийчимэг бол сайн хүүхэд байсан. Дуу шүлэг цээжлэн тогтоохдоо маш сайн, бага зэрэг замбараагүйг эс тооцвол маш их эрч хүчтэй охин” хэмээн өгүүлж суулаа.

“Цэцэрлэг маань түүнийг сургуульд сурахад нь бэлтгэж өгсөн. Анх цэцэрлэгт орсон хүүхдүүд урд өмнө сандал ширээн дээр ч сууж үзээгүй байсан. Тиймээс тэд бүх бүх зүйлийг л анх цэцэрлэгт суралцсан юм. Тэд гартаа харандаа, бал барьж үзээгүй байсан бол тэр бүгдэд суралцсан, мөн бидний заасан дуу, шүлэг зэрэг нь тэдний хувьд цоо шинэ байсан бөгөөд тэд ч сайн сурсан юм” хэмээн багш нь өгүүлсэн юм.

Цаатан гэр бүлүүд өөрийн амьдралын хэв маягаар амьдардаг бөгөөд бараг жилийн турш хүүхдээ эргэж ирдэггүй. Иймд цэцэрлэг маань бусадтай хамт тоглох, эд юмсаа хуваалцах зэргээр нийгэмших маш чухал орчин болсон юм. “Өлзийчимэг цэцэрлэгт сурсан болохоороо сургуульд ирээд юу хийхээ сайн мэдэж байсан. Тэр ангийнхаа ширээн дээр суух мөн дотуур байрандаа эгч нартайгаа байхдаа бүгдийг хэрхэн хийхээ мэддэг. Тэр энд тун давгүй байгаа шүү” хэмээн Бүжмаа багш үнэлэв.

Цэцэрлэгээс шилжин сурсан нь

Бүжмаа багш Өлзийчимэгийн хичээлд тусалж байна
©НҮБХСМонгол/2014/Зетти Брейк 

Цэцэрлэгт суралцсан нь Өлзийчимэгийг сургуульд амжилттай сурахад нь тусалсан юм. Тэр хэрхэн суралцах, бас шинэ амьдрах болон сурах орчиндоо хурдан дасан зохицсон юм. Сумын цэцэрлэгийн эрхлэгч Цэндмаа “манай цэцэрлэг хүүхдүүдээ сургуульд суралцах дамжлага болж өгсөн юм. Хүүхдүүд цэцэрлэгээсээ сургуульд шилжих үед багш нар маань тэднийг шинэ багш нарт нь хүлээлгэн өгсөн юм. Энэ нь тэдний бага сургуульд амжилттай суралцах нь тусалсан” гэж хэллээ. Цэндмаа, Бүжмаа багш хоёулаа цэцэрлэгийн ангийг нэг багш хариуцах нь зөв гэж үзэж байна. Багш нар цэцэрлэгт сурж байсан хүүхдийг авахдаа дуртай байдаг. Тэр ч бүү хэл багш нар хэн цэцэрлэгт явж байсныг мэдэж байсан учраас тэднийг өөрийнхөө ангидаа авахаар өрсөлдөж байсан. Харин цэцэрлэгт сураагүй хүүхдийн хувьд сургуульдаа дасан зохицоход их хүнд байсан шүү хэмээн Бүжмаа багш тайлбарлалаа.

Хүн бүхэнд боломжийг нээх нь

Цаатан иргэдийн хувьд хүүхдүүдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулах ганц боломж бол зуны цэцэрлэг юм. Цэцэрлэгийн ач тусыг тэд бүгдээрээ мэддэг болсон ч уг үйлчилгээг байнга авах боломжгүй хэвээр байна. Үүний адилаар Монгол Улсын маш олон хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байна.

Цэцэрлэгийн насны хүүхдийн 68% нь л сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. НҮБХС-ийн Бага насны хүүхдийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Түмээгийн Цэндсүрэн үүнийг “Монгол улсад олон гэр бүлүүд хүүхдээ цэцэрлэгт хамруулахыг хүсдэг. Учир нь цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын үр дүнг хүртэж чаддаггүй. НҮБХС нь сургуулийн өмнөх чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүүхэд бүрийн хөгжлийг дэмжин тусалдаг. Мөн бидний хувьд нийгмийн үйлчилгээ хүрч чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч ажиллахыг хичээдэг. Тийм ч учраас цаатан хүүхдүүдэд зориулсан зуны цэцэрлэгийг НҮБХС дэмжин байгуулсан юм. Бид тэрхүү цаатны тээпээ, тавилга, тоглоом, ус шүүгч зэрэг бүх хэрэгслийг хангаж өгсөн хэмээн Т.Цэндсүрэн тайлбарлав. Үүнээс гадна багш болон ажилчдын цалин бусад урсгал зардлуудыг аймгийн боловсролын газар хариуцаж байгаа ажээ. Харин эцэг эхчүүд галлагааны мод мөн хүүхдүүдийнхээ уух цааны сүү зэргээр хангаж тусалсан байна.

Энэ цэцэрлэгт суралцсан 25 хүүхдийн танин мэдэхүйн болон нийгэм сэтгэл зүйн хөгжилд их ахиц гарсан. Үүний хамт тэр 25 хүүхдийг сургуульд суралцах бэлтгэлийг хангаж өгсөн нь маш чухал боломж юм. Гэвч бид цаашдаа бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллах шаардлагатай хэмээн Т.Цэндсүрэн өгүүллээ.

Зохиогч

Зетти Брейк, НҮБХС-ийн Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн   

No comments:

Post a Comment