21 January 2015

Хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалтын гэрлийг түгээх нь:

10 настай Нямдаваа хүүгийн гэрээс сургууль хүрэх зам 
гэрэлтүүлэгтэй болсноор аюулгүй орчин
 бүрджээ.© НҮБХСМонгол/2014/Зетти Брейк

Нямдаваа хүү арван настай бөгөөд Даваагаас Баасан гариг хүртэл өдөр бүр тоос шороотой гудамжаар гэр, сургуулийнхаа хооронд алхдаг. Хэдийгээр хол зайтай биш ч Хөвсгөл аймагт өвлийн улирал заримдаа бараг зургаан сар үргэлжилдэг тул түнэр харанхуйд л явна. Нямдаваа хүү Мөрөн суманд байх хуучин гал сөнөөх ангийн байшингийн нэгэн өрөөнд эмээ Уранцэцэг, 1 настай дүү Сараан, 5 настай үеэл дүү Бат-Амгалан нарын хамт амьдардаг. Түүний ээж улсын нийслэл Улаанбаатарт амьдарч буй тул тэрээр эмээ, дүү нарынхаа хамт амьдардаг ажээ.

Нямдаваа 1-р дунд сургуулийн 5 дугаар ангид суралцдаг бөгөөд тэр сургуульд сурахдаа дуртай. Тэрээр “Би тооны хичээлдээ дуртай, бас биеийн тамирын хичээл дээр сагсан бөмбөг тоглох дуртай. Хичээлээ тараад сургуулийнхаа талбайд найзуудтайгаа сагс, хөл бөмбөг тоглодог" хэмээн өөрийгөө танилцууллаа.

Одоогоос нэг жилийн өмнө Нямдаваа сургуульдаа явах дургүй байжээ. Учир нь өглөө эрт их харанхуй, бас зарим үед ноход хүүхэд рүү дайрдаг тул тэр их айдаг байснаа учирласан юм. Нямдаваагийн эмээ ч энэ талаар эргэн дурслаа. “Манай энэ хавийн гудамжинд гэрэлтүүлэг огт байгаагүй ээ. Харанхуй болохоор сэжиг бүхий хүмүүс, бас ноход энд тэндгүй л явна. Бид гадаа гарахаас ч айдаг. Хэдийгээр хол биш ч гэсэн ач хүү маань сургуульдаа ганцаараа явахад аюултай учраас би түүнийг хүргэж өгдөг байсан. Гэтэл одоо гудамж гэрэлтэй болж, бидэнд амар болсон” хэмээн Уранцэцэг эмээ ярьж байна. Одоо Нямдаваа хүү айх айдасгүйгээр сургуульдаа явж, оройтсон ч гэсэн гудамж, зам гэрэлтүүлэгтэй учир санаа зоволтгүй болжээ.

Гудамжинд гэрэл тавьснаар хөрш айлууд бүгд л баяртай байгаа ажээ. Уранцэцэг эмээгийн хэлснээр гудамжны гэрэл асахыг харахаар хүмүүс бүгд л гадаа гарч зогсдог гэнэ. “Манай энэ хавийнханд энэ гэрэл их ач тусаа өгч байнаа” хэмээн тэр талархангуй хэллээ. “Гудамж гэрэлтэй болсонд би баяртай байна. Цаашид манай гэрийн гадаа, бас явган хүний замаар гэх мэт илүү олон газар гэрэлтүүлэг хийж өгөөрэй” хэмээн Нямдаваа захисан.

Орон нутгийн хөгжлийн сан ба нутгийн иргэд

Нямдаваа хүү эмээ Уранцэцэг, үеэл дүү Бат-Амгалан нарын 
хамт Хөвсгөл аймгийн Мөрөн суман дахь гэртээ
© НҮБХСМонгол/2014/Зетти Брейк
Гудамжны гэрэлтүүлгийн тухай ярих нь жижиг зүйл мэт санагдаж болох ч орон нутгаас хүүхдийн төлөө хийж буй чухал ажил юм. Нутгийн иргэд гэрэлтүүлэг хэрэгтэй байгааг хэлж, шаардагдах хөрөнгийг Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС) –аас гаргаж, гэрэлтүүлгийг хийжээ.  

Монгол Улсын Засгийн газар 2013 оноос эхлэн төсвийн төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үйл явцын хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад хөрөнгө хуваарилан, Орон нутгийн хөгжлийн сан байгуулж, түүний төлөвлөлт, хэрэгжилтэд олон нийтийг оролцуулж эхэлсэн юм.

Энэ асуудлаар Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Нийгмийн бодлогын багийн ахлагч Н.Энхнасан “Төсвийг зохистой хуваарилахад Орон нутгийн хөгжлийн сан чухал алхам болж байна. Тиймээс өөрсдийн бодит хэрэгцээ, шаардлагад үндэслэн нутгийн иргэд өөрсдөө Орон нутгийн хөгжлийн сангаа мэдэх болсонд талархаж байна. Төсвийг юунд хуваарилах хэрэгтэй байгааг тухайн орон нутагт амьдарч буй иргэд л хамгийн сайн хэлж чадна” гэв.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь төсвийн төвлөрлийг сааруулах бодлогыг хүүхдийн нөхцөл байдлыг сайжруулах боломж хэмээн харж байна. "Манай байгууллага Орон нутгийн хөгжлийн санг хүүхдэд ээлтэй төлөвлөх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, орон нутгийн 100 гаруй шийдвэр гаргагчдын бүрэлдэхүүнийг хамруулсан. Энэ хэлэлцүүлгээр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг тухайн орон нутагт амьдарч буй эмзэг бүлгийн хүүхдүүдэд хүргэх, зохистой хуваарилах арга замыг тодорхойлохыг зорьсон. Уг хэлэлцүүлгийн дараа Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн арваас доошгүй хувийг хүүхдийн төлөө зарцуулахыг захирамжилсан шийдвэр гаргасан. Тиймээс уг хэлэлцүүлэг үнэхээр үр дүнтэй болсон" гэж  Н.Энхнасан онцолж байна.

Хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалтыг чухалчлах нь

Нямдаваа хүү сургуулиасаа гэртээ харихаар 
гэрэлтүүлэгтэй зам дагуу алхаж байна
© НҮБХСМонгол/2014/Зетти Брейк

Хүүхдийн төлөө хөрөнгө оруулалт хийх нь хүүхдийн эрхийг хамгаалах үндэс юм. Монгол Улс 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн 4 дүгээр зүйлд Оролцогч улсууд энэхүү Конвенцид хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль тогтоох, захиргааны болон бусад бүх арга хэмжээг авна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хэрэгжүүлэх арга хэмжээг нөөц бололцоондоо тулгуурлаж дээд зэргээр ашиглах, шаардлагатай бол, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд авна” гэж заасан байдаг.

"Хүүхдийн төлөө хөрөнгө оруулалт хийх нь тэгш, шударга нийгмийг цогцлоох, иргэдийг нийгэм, эдийн засгийн хөгжилд үр дүнтэй оролцох боломжийг бүрдүүлдэг. Нийтийн хөрөнгө, нөөцийг хуваарилахдаа хүүхдэд анхаарах нь зөвхөн тэдгээр хүүхдэд төдийгүй улс орны ирээдүйд хөрөнгө оруулж буй хэрэг юм” хэмээн Н.Энхнасан онцолж хэллээ. Нийгмийн хөгжлийн салбарт бага гэлтгүй хөрөнгө оруулалт хийх нь хүүхдийг өөрийн чадавхиа бүрэн хөгжүүлж, нийгмийн хариуцлагатай гишүүн болон бэлтгэгдэхэд тусладаг учир тэдний амьдралд том үр нөлөө үзүүлдэг байна. 

Орон нутгийн хөгжлийн сангийн үр шимийг хүүхдүүд аль хэдийнэ хүртэж эхэлж байгааг багийн Засаг дарга Бадамцэцэг хэдийнэ олж харжээ. Гэвч хүүхдэд ээлтэй орон нутаг болохын тулд цаашид ч их зүйл хийх шаардлагатай. "Бидэнд илүү олон цэцэрлэг, номын сан, цэцэрлэгт хүрээлэн хэрэгтэй. Хэрвээ бид Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг ухаалгаар зарцуулж чадвал амьдарч буй орон нутгаа хүүхдэд ээлтэй болгон өөрчилж чадна” хэмээн Бадамцэцэг итгэл дүүрэн ярьж байна.



Зохиогчид

Насан-Өлзийн Энхнасан, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Нийгмийн бодлогын багийн ахлагч


Зетти Брейк, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн   

No comments:

Post a Comment